Шүүхээс торгох ялаар шийтгүүлчихээд түүнийгээ төлөхгүй, ял завших явдал нэлээд гардаг. Өнгөрсөн онд л гэхэд Дүүргийн I прокурорын газрын хариуцсан нутаг дэвсгэрт амьдарч буй торгох ялаар шийтгүүлсэн хүмүүс түүнээ төлөхгүй, ял завшиж байсан аж. Тиймээс энэ байдалд тус прокурорын газраас уг ялын биелэлтийг эрчимжүүлэхэд анхаарч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албатай хамтран тодорхой арга хэмжээ аван ажиллаж буй гэнэ. Үүний дүнд 2013 онд 20 хүрэхгүй хувь нь торгуулийн ялаа төлж байсныг нэмэгдүүлж, энэ сарын 10-ны байдлаар уг ялаар шийтгүүлэгсдийн 73.9 хувийг нь биелүүлээд байгаа гэнэ. 2014 онд дээрх прокурорын газрынхан 75 хүн 355.6 сая төгрөгийн торгууль төлөх ялд хяналт тавьж ажиллаж буй. Тус прокурорын газраас энэ хугацаанд торгох ялын биелэлтийг хэд хэдэн удаа шалгаж, прокурорын шаардлага хүргүүлсний зэрэгцээ торгох ялаас зайлсхийсэн гурван хүний ялыг хорих ялаар солихоор шүүхийн шийдвэр гаргуулж, долоон хүний 41.2 сая төгрөгийг хэсэгчлэн төлүүлжээ.