Хан-Уул дүүргийн X хороонд орших “Буянт-Ухаа” орон сууцны хорооллын хоёрдугаар ээлжийн барилгын яг дэргэд 300 ортой төрөх эмнэлэг “сүндэрлэжээ”. Харамсалтай нь найман давхар болтол нь барьсан “Г” хэлбэрийн эмнэлгийн барилга угсралтын ажил зогссон тул балгас төдий хоцорсон байлаа. Хамгийн их хөрөнгө мөнгө зарж, сүр дуулиантай эхлүүлсэн энэхүү эмнэлгийн барилгын газар дээр нь очиж, нөхцөл байдалтай танилцсан юм. Нийт 2.4 га газрыг хамрах энэ барилгыг “Нийслэл өргөө” компанийнхан өдий болтол нь барьчихаад “хойт эхийн” сэтгэлээр хандан хаяад явчихжээ.
Хоёр жилийн өмнөөс ярьж байж нэг юм нийслэлийн Засаг дарга газар “зааж”, эмнэлэг барьж эхэлтэл дэд бүтцийн асуудлыг нь шийдэх боломжгүй гэсэн инээдтэй гэмээр шалтаг тоочин төрөх эмнэлгийн барилгыг царцаасан байна. Төлөвлөгөө ёсоор бол таван блок бүхий эмнэлэг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард ашиглалтад орох байж. Гэтэл дэргэд нь БҮТИ компанийнхан “Буянт-Ухаа 2” орон сууцны хорооллыг барьж байна. Тус компанийн инженер хэлэхдээ “Энд дэд бүтэцгүй гэсэн асуудал байхгүй. Ирэх долоо хоногоос дулаан, цахилгааны шугамаа татна” гэв. Тэгэхээр Н.Удвал сайдын хэлсэн “Дэд бүтэц нь шийдэгдэх боломжгүй тул эмнэлэг барихыг болиулсан” гэдэг үг шалтаг төдий бололтой. Нөгөөтэйгүүр, барилга барих явцад барилгын материалын үнэ болон ажилчдын цалин хэд дахин өссөнөөс болж улсаас төсөвлөсөн 18 тэрбум төгрөг хүрэхг үй болсон тул дахин 14 тэрбум төгрөг шаардлагатай байна гэж “Нийслэл өргөө” компанийн захирал Б.Ганзориг ярьж байсан. Тэгвэл түүнийг улсын төсвийн хөрөнгөөр барьж буй хэд хэдэн барилгын санхүүжилтээс мөнгө завшсан байж болзошгүй хэмээн АТГ-аас үзэж, хэргийг нь өдгөө Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхэд хянаж байгаа аж.
Харин нэхээд байгаа 14 тэрбум төгрөгийг улсын төсвөөс гаргахгүй, улсын данс улайчихаад байгаа тул 2014 оны төсвийн тодотголд суулгах боломжгүй гэж албаны хүмүүс ярьж сууна. Түүнчлэн Аудитын газраас 300 ортой төрөх эмнэлгийн барилгыг 2014 онд санхүүжүүлэх боломжгүй гэж үзжээ. Тэгэхээр төрөх эмнэлгийн барилга гэстэл дахиад нэг жил хүлээх нь.
Б.БЯМБА