Нийслэлийн тээврийн газраас нийтийн тээвэр тойрсон асуудлаар өчигдөр мэдээлэл хийлээ. Тус газрын Тээврийн бодлогын төлөвлөлтийн хэлтсийн дарга Д.Галбадрах, Санхүүгийн хэлтсийн дарга Б.Билэгт болон бусад мэргэжилтэн сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгсөн юм.
-Ирэх оноос хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настан, цагдаагийн алба хаагч, оюутан, сурагчийг 500 төгрөгөөр зорчуулна гэж мэдэгдсэн. Нөхөн олговрын мөнгийг нь төрөөс өгч байхад заавал ингэж өөрчлөх шаардлага байгаа юм уу?
-Нийтийн тээврээр үнэгүй зорчдог 235 мянган иргэн бий. Төрөөс тэдний нөхөн олговорт ирэх онд 53 тэрбум төгрөг төсөвлөсөн. Бид харин 72.8 тэрбум төгрөг байхаар тооцож байгаа. Нийтийн тээвэр бол гадаад валютаас хараат салбар. Автобус, шатахуун, техник хэрэгслээ гадаадаас авдаг. Нэг зорчигчид ногдох орлого 395, зарлага нь 423 төгрөг. Тэгэхээр нэг зорчигчоос 28 төгрөгийн алдагдал хүлээж байна гэсэн үг. Автобус-1, 2, 3 компани л гэхэд энэ оны хоёрдугаар улирлын байдлаар 1.4 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан. Гэхдээ ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс биш, дөрөвдүгээр сарын 1-нээс нийтийн тээврээр зорчих бүх хүн цахим картаар үйлчлүүлнэ. Өөрөөр хэлбэл, цахим системд шилжсэнээр зорчигч бүр өөрийн гэсэн карттай болох юм. Ингэснээр үнэгүй зорчдог иргэдийн нөхөн олговрын мөнгө нь тухайн зорчигчийн картанд орно. Энэ ажлын гүйцэтгэгчээр “Дата карт” компани шалгарсан. Эхлээд бүх автобусанд GPS суурилуулж, цахим карт уншдаг төхөөрөмж суурилуулна.
-Нөхөн олговрын мөнгийг яаж хуваарилдаг вэ?
-Нийслэлийн ИТХ-ын 212 дугаар журмын дагуу сард ажилласан цагийн гүйцэтгэлээр нь аж ахуйн нэгжүүдэд нөхөн олговрыг хуваарилдаг. Гэхдээ ажлын гүйцэтгэлийг нарийн хянаж чадахгүй байна. Тасалбар түгээгчийг орлогоор нь цалинжуулдаг. Орлого багатай учраас автобуснууд хоорондоо уралдаж, осол, зөрчил их гаргаж байна. Энхтайваны өргөн чөлөөнд гэхэд 390 гаруй автобус үйлчилдэг. Энэ нь түгжрэл үүсэх үндэс болж байна. Аж ахуйн нэгжүүд ашгийн төлөө ажиллаж байгаа учраас хүн их зорчдог чиглэлд явах сонирхолтой. Хэрвээ GPS суурилуулж, ажилласан цаг, гүйцэтгэлээр нь нөхөн олговрыг хуваарилдаг болбол хотын төв, зах гэж ялгахгүйгээр үйлчилдэг болно.
-Парк шинэчлэл хийх шаардлагатай хэчнээн компани байна вэ?
-Энэ онд парк шинэчлэлд зориулж 24 тэрбум төгрөг баталсан. Бид ирэх онд 70 автобус шинээр авахаар төлөвлөсөн. Хувийн зарим компани ашиглалтын хугацаа дууссан автобусуудыг гадаадаас оруулж ирж, шугаманд явуулж байна. БНСУ-д нийтийн тээврийн хэрэгслийн стандарт хугацаа зургаан жил байдаг бол манайх 12 жил. Ирэх жилээс бүх микро автобусыг нийтийн тээврийн үйлчилгээнээс хасна.
-Тасалбарын үнэ нэмэгдэх үү?
-Автобус компаниуд валютын ханшийн өөрчлөлтөөс болж алдагдалтай ажиллаж байгаа ч албан ёсоор үнэ нэмэх мэдэгдэл ирүүлээгүй.
-Шөнийн тээвэрт хэчнээн автобус явж байгаа вэ?
-Шөнө цөөхөн хүн зорчдог учраас Нисэх-Долоонбуудал гэсэн ганцхан чиглэлд хоёрхон тээврийн хэрэгсэл үйлчилж байна. Тасалбарын үнэ 1000 төгрөг.
-Том оврын автобусны жолооч нар осол зөрчил их гаргадаг. Жолооч нарыг ямар шалгуураар ажилд авдаг юм бэ?
-Нийтийн тээврийн салбар хүний нөөцийн хувьд хүндрэлтэй байна. Тиймээс нарийн шалгуур тавьдаггүй. Гурваас доошгүй жил тээврийн хэрэгсэл жолоодсон, 25-аас дээш настай бол нийтийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй. Нийт 1400 орчим жолооч ажилладаг ч ээлжийн амралт авах, өвчтэй, чөлөөтэй гээд шугаманд гардаг нь цөөхөн. Олон улсын стандартаар автобус хоёр жолоочтой байх ёстой. Гэвч цалин хөлс, нийгмийн халамж муу тул ийм түвшинд ажиллах боломжгүй байна. Ажилдаа архи үнэртүүлж ирдэг, осол гаргадаг гээд зөрчил их бий. Ингэлээ гээд ажлаас халсан ч дараагийн компани нь тосоод авч байна шүү дээ.
Ч.БОЛОРТУЯА