Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ саяхан хурандаа генерал Ж.Ёндонгийн нэрэмжит Цэргийн гавьяаны одонт Зэвсэгт хүчний 032 дугаар ангиар орж, удахгүй түүхт 90 жилийнхээ ойг тэмдэглэх гэж буй энэхүү ангийн ажил үйлс, ололт амжилттай танилцангаа төрийн торгон цэргүүдээ эргэсэн юм..
1921 оны гуравдугаар сарын 18-нд Ардын журамт цэрэг Хиагт хотыг чөлөөлсний дараа жанжин Д.Сүхбаатарын санаачилгаар хот, хүрээний эмх замбараагүй байдлыг цэгцлэх, үймээн самууныг зохицуулах зорилгоор Ардын журамт цэргийн түр комендант гэгчийг байгуулж, улмаар 1924 онд Нийслэл хүрээний цэргийн комендант байгуулагдсан нь өнөөгийн Улаанбаатар цэргийн хүрээний ёс журам сахиулах ангийн суурь байжээ.
Түүнчлэн 1955 оны наймдугаар сарын 16-ны өдөр энэхүү ангид Хүндэт харуулын тусгай ротыг байгуулж, анхны захирагчаар нь хошууч Ж.Ёндонг томилжээ.
Ийнхүү Монгол Улсын төрийн болон цэргийн ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаанд оролцох, хэв журам сахиулах, харуул хамгаалалтын гурамсан үндсэн үүрэг бүхий Зэвсэгт хүчний 032 дугаар анги бий болж, өнөөдөр түүхт 90 жилийнхээ ойг энэ л өдрүүдэд ёслон тэмдэглэж байна.
Жил жилийн цэрэг татлагаар эх орны дөрвөн зүг найман зовхисоос эрдэм боловсрол, бие хаа, зүс царайгаараа үеийнхнээсээ шилэгдэн ирсэн залуус энэхүү ангид хуваарилагдсандаа талархаж, нэр төртэй хаахын төлөө чармайж, мөнхүү насан туршдаа бахархан дурсдаг гэнэм.
Үнэхээр монгол цэргийн сор жавхаа, хийморь цог нь болох төдийгүй бүс нутаг, тив дэлхийн зочид төлөөлөгчдөд эх орны минь нүүр царай болон учирдаг хөвгүүдээрээ бахархахгүй байхын аргагүй.
Д.Бат-Эрдэнэ сайд их цагаан сүлднээ хүндэтгэл үзүүлээд, эгнэн жагссан жавхаалаг дайчидтайгаа мэндчилж, ангийн үйл ажиллагаатай танилцаж эхэллээ. Ангийн захирагч, хурандаа Л.Батболд ерэн жилийн дайчин замналтай ангийнхаа үүх түүхийг товчхон дурдаад, өнөөдөр “Төрийн торгон цэргүүд” маань хэрхэн цэргийн эрдэмд боловсорч, төрийн ёслолд суралцан, төлөвшиж байгаа талаар танилцууллаа.
Батлан хамгаалахын сайдыг дагалдан ЗХЖШ-ын дэд дарга, хошууч генерал Б.Баярмагнай, БХЯ-ны СБТГ-ын дарга, хурандаа Г.Сайханбаяр, ХШҮДАГ-ын дарга, бригадын генерал Г.Энхбаатар нарын албаны хүмүүс явсан юм.
Удахгүй дүү нараа хүлээж авч, “хал цэрэг” болох нэгдүгээр ээлжийн дайчид хэзээний цэргийн амьдралд дассан төдийгүй төрийн ёслолд оролцоод эхэлжээ.
Тэд арваад төрлийн цэргийн эрдмийн хичээл үзэхээс гадна бэлтгэл сургалтаар бие хаагаа хөгжүүлж, чөлөөт цагаараа номын сан, бялдаржуулах танхимаар үйлчлүүлж, мөн авьяас билгээ хөгжүүлэн дугуйланд хамрагддаг юм байна.
Хүндэт харуулын цэргүүдээ орон орон өөр өөрийн шалгуураар нарийн шинжиж авдаг талаар энүүхэн хооронд яриа өрнөлөө. Бригадын генерал Г.Энхбаатар оросууд өндөр нуруу, цэнхэр нүд, цагаан царайгаар нь сонгодог гэсэн бол хошууч генерал Б.Баярмагнай европийнхон нүүрний хэлбэр, тэрчлэн эрүүнд хүртэл нэн ач холбогдол өгдөг талаар дурсаад “Манайд өндөр нуруу, зөв дүр төрхийг нь хардаг” гэсэн юм.
Манай залуусын хувьд бие бялдар, царай төрх, чадвар чадавхийн талаар өөлөх юмгүй ч өнөөдөр хэрэглэгдэж байгаа ёслолын хувцасны талаар бодолцох, мэргэжлийн хүний санал бодол дутсан зэрэг асуудал байгаа талаар албаныхан сайдад энэ дашрамд дуулгаж байлаа.