Чихрийн шижин өвчин /ЧШӨ/ нь хүний бие махбодь дахь инсулин дааврын харьцангуй буюу огт байхгүй дутагдалын улмаас цусан дахь сахарын хэмжээ ихсэж улмаар нүүрс усны солилцоог ихээр алдагдуулан ам цангах, их уух, турах, шээлгэх зэрэг хам шинжээр илэрч олон эрхтэн тогтолцоог хамарсан хүндрэл гардаг архаг явцтай бодисын солилцооны эмгэг юм.
Өөрөөр хэлвэл нойр булчирхай хангалттай инсулин боловсруулж чадахгүй эсвэл боловсорсон инсулин бие махбодид нөлөөлж чадахгүй болсон үед үүсдэг өвчин.
Энэ өвчнөөс болж бөөр, хөл үе мөч, нүд, зүрх мэдрэлийн эрхтэнүүд болон цусны даралт ихсэх зэрэг өвчинүүдийг араасаа дагуулдаг байна.
Нойр булчирхай нь гадаад дотоод шүүрэл ялгаруулдаг хоёр төрлийн эстэй.
Гадаад шүүрэл буюу нойр булчирхайн шүүрэл нь өөх тосыг задалж, хоол боловсруулах үйл ажиллагаанд оролцдог байна.
Харин дотоод шүүрэл буюу инсулин, глюкозамин нь Лангергансын арал хэмээх эсүүдээс ялгарч гарна. Эдгээр даавар нь цусан дахь чихрийн хэмжээг зохицуулна.
Хүн бүрийн цусанд тодорхой хэмжээний сахар байдаг. Цусны сахар нь бидний идэж хэрэглэдэг сахар биш бөгөөд энэ нь “глюкоз” буюу энэ нь усан үзэмний сахар юм. Глюкоз нь биеийн эсүүдэд ашиглагдаж биеийн дулааныг хадгалах, хөдлөх, биеийн хүчний болон оюуны хөдөлмөрт, эрүүл амьдралын бүхий л үйл ажиллагаанд зарцуулагдана. Инсулин гэдэг нь нойр булчирхайгаас ялгардаг биологийн өндөр идэвхитэй бодис бөгөөд цусан дахь сахарыг багасгадаг.
Цусан дахь сахар багасахад:
- Хүний бие махбодь ядрах, толгой өвдөх, чих шуугах, нүд харанхуйлах, хөлс гарах, булчин сулрах шинж илэрнэ. Цаашид цус багадалтын шинж илэрч ухаан алдаж амь насанд аюултай. Сахар багадалтын ком гэдэг сахараа хяналгүйгээр сахар бууруулах эмийн тунг хэтрүүлж уух удаан өлөн байх зэргээс шалтгаалан ком-д орохыг хэлнэ.
Цусан дахь сахар ихсэхэд:
Удаан хугацаагаар сахар их байвал шижин өвчинг үүсгэдэг. Сахар ихдэх уг өвчин оношлогдохгүй, тухайн хүн мэдэхгүй эсвэл хоолны дэглэм барихгүй, сахар бууруулах эмчилгээ хийлгэхгүй байгаа тохиолдолд сахар ихсэж ком-д орж ухаан алдах удмаар амь насанд хүрнэ.
ЧШӨ нь хэд хэдэн хэлбэртэй бөгөөд үүнээс 2 хэлбэр нь нийтлэг тохиолддог.
1-р хэлбэр нь: Энэ нь нойр булчирхайн инсулин үйлдвэрлэгч эсүүдийн гэмтлийн улмаас инсулин маш багаар ялгарч, зарим тохиолдолд огт ялгарахгүй болдог.Тиймээс гаднаас инсулин тарьж өгөх шаардлагатай болдог.Хүүхэд залууст их тохиолдоно. Гэнэт хурцаар илэрдэг ба дараах шинж илэрнэ:
- Хэт их ам цангах, ам хуурайших
- Ойр ойрхон шээс хүрэх
- Туйлдаж ядрах
- Байнга өлсөх
- Гэнэт турах
- Арьсны шарх удаан эдгэх
- Хараа бүрэлзэх
Ялангуяа хэвлийгээр өвдөх, бөөлжүүлэх , амнаас ацетон үнэртэх зэрэг шинж илэрсэн үед яаралтай арга хэмжээ авахгүй бол амь насанд аюултай байдаг.
2-р хэлбэр нь: Дээр дурдсан шинж тэмдгүүд бүгд тохиолдох боловч илрэх хүч нь эрс бага. Ер нь бүдэг удаан явцтай учир онош хожуу тавигддаг. Хижээл насны хүмүүс ихэвчлэн өвдөх хандлагатай. Энэ нь нийт өвчлөлийн 90%-г эзэлнэ.
Бусад хэлбэр нь: Эхийн цусанд сахар ихсэх
Ургийн цусанд сахар ихсэх
Илүүдэл жинтэй хүүхэд
Чихрийн шижин өвчнөөр өвдсөн хүмүүсийн 80% нь биеийн жингийн илүүдэлт буюу таргалалт байдаг.
Оношлогоо:
Чихрийн шижинтэй хүн насан туршдаа өөртөө байнга анхаарал тавьж, дотрийн эмчийн хяналтанд байх шаардлагатай.
Хийх шинжилгээ:
- Шинж тэмдэг илэрсэн үед харъяа сум, өрхийн эмчид хандана.
- Өндөгний цусны шинжилгээг өлөн элгэн дээрээ хийлгэж цусан дахь глюкозыг тодорхойлно.
- Шээсний шинжилгээнд кетоны бие болон глюкоз үзүүлэх
- Цусны шинжилгээнд инсулин, С- пептидийг үзнэ.
- Цусан дахь гликозилчлагдсан гемоглобины хэмжээг тодорхойлно
Эмчилгээ
- Сургалт
- Хоол
- Идэвхитэй хөдөлгөөн
- Сахар бууруулах эмийн эмчилгээ
- Инсулин эмчилгээ
Өвчин хүндрэхэд:
- бөөр, бөөрний архаг дутагдалд орох
- нүд сохрох
- хөлний хүндрэл орно.
Судасны хүндрэлийн улмаас хөлөө тайруулах, зүрхний шигдээс болох зэрэг хүндрэлүүд үүсдэг.
Урьдчилан сэргийлэх
- Эрүүл зөв хооллох
- Идэвхитэй дасгал хөдөлгөөн хийх
- Илүүдэл жингүй байх, илүүдэл жинтэй бол түүнийгээ хасах
- Хорт зуршлаас татгалзах
М.Болор