Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв нь Улаанбаатар хотын захирагчийн Наран дах ажлын албатай хамтран энэ сарын 11-12-ны өдрүүдэд Сонгинохайрхан дүүргийн 5, 6, 7, 23, 27, 30, 31 дүгээр хорооны иргэдэд 2 өдрийн турш байгаль орчны боловсрол дээшлүүлэх сургалт зохион байгуулжээ.
Улаанбаатар хотын захирагчийн Наран дах ажлын алба тус төвөөс хоёр дах удаагаа сургалт авч байгаа бөгөөд өмнөх сургалтад дээрх долоон хорооны, иргэдийн нийтийн хурлын төлөөлөгчид хамрагдсан байна.
Хэсгийн ахлагчид бол хорооныхоо иргэдтэй хамгийн ойр тулж ажилладаг хүмүүс тул өөрсдөө мэдлэг, мэдээлэлтэй байж гэмээнэ бусдад заавар зөвөлгөө өгөх учраас ийнхүү сургалтад хамрагдах хүсэлтээ хүргүүлж байжээ. Харин энэ удаад тэд хорооныхоо иргэдийн байгаль орчны мэдлэгийг нэмэгдүүлэх үүднээс тус төвийн мэргэжилтэнгүүдтэй хамтран сургалт зохион байгуулсан байна.
Уг сургалтыг тус төвийн байгаль орчны боловсрол хариуцсан мэргэжилтэн Б.Сарантуяа болон Жайка олон улсын байгууллагын сайн дурын ажилтан Хироки Ёкояама нар удирдан явуулав. Тэд хог хаягдал, ус болон хөрсний бохирдол сэдвээр сургалтаа явуулж нийт 40 гаруй иргэнийг оролцуулжээ.