Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ны өдрийг Чихрийн шижинтэй тэмцэх дэлхийн өдөр болгон, дэлхий нийтээрээ тэмдэглэн, энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ аван ажилладаг билээ.
Чихрийн шижинтэй тэмцэх дэлхийн өдрөөр Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дэмжлэгтэйгээр Нийслэлийн эрүүл мэндийн газар, УНТЭ-ийн Диабетийн төв, Анагаахын шинжлэх ухааны үндэсний Их сургуультай хамтран “Чихрийн шижин өвчнөөс ирээдүйгээ хамгаалья” уриан дор олон нийтийн оролцоог дэмжсэн, бүх нийтийг хамарсан үйл ажиллагааг маргааш зохиох гэж байна.
Эл өдрийг дэлхий даяар Нэгдсэн Үндэсний байгууллагын гишүүн 160 гаруй улс орон, Олон улсын чихрийн шижин өвчний эсрэг холбооны харьяа 200 гаруй нийгэмлэг, эрүүл мэндийн байгууллага, засгийн газар болон чихрийн шижин өвчтэй хүмүүс, тэдгээрийн гэр бүл хамтран тэмдэглэн өнгөрүүлдэг байна.
Чихрийн шижинтэй тэмцэх өдрийг тохиолдуулан УНТЭ-ийн Диабитийн төвийн захирал Д.Цэцэгээтэй ярилцлаа
-Чихрийн шижин өвчний тархалт манай улсад ямар байгаа вэ?
-Чихрийн шижинтэй тэмцэх ОУ-ын нийгэмлэгийн хамгийн сүүлийн үеийн тооцоогоор дэлхийн хэмжээнд чихрийн шижин өвчинтэй 382 сая хүн амьдарч байгаа ба 2035 он гэхэд энэ тоо нь 592 саяд хүрч дэлхийн 10 хүн тутмын нэг нь энэ өвчинд өртөхөөр байна.
1999 оны судалгаагаар Монгол хүмүүсийн 3.1 хувь нь чихрийн шижин өвчтэй, 9.2 хувь нь чихрийн шижин өвчнөөр өвдөх магадлалтай, өмнөх шатандаа байна гэсэн тоо байдаг. 2009 оны байдлаар чихрийн шижин өвчинтэй хүмүүс хүн амын дунд 6.5 хувьтай байна. Өвдөх магадлалтай, өмнөх шатандаа байгаа хүмүүс 9.5 хувьтай байна гэсэн тооцоо байгаа юм. Жилээс жилд чихрийн шижин өвчин ихсэж байна.
Үүний шалтгаан нь хоол ундны зохисгүй хэрэглээ, амьдралын буруу хэв маягтай холбоотой байдаг. Хөдөлгөөний хомсдол, ялангуяа таргалалт хүмүүсийн дунд их бий болсноор энэ өвчин нэмэгдэх хандлагатай байна. Мөн түүнчлэн залуучуудын дунд таргалалт бий болсон учраас залуу хүмүүс чихрийн шижин өвчнөөр өвдөх магадлал өндөртэй байна.
-Залуусын дунд таргалалт их байгаа нь чихрийн шижинтэй холбоотой гэлээ. Үүнийг тодруулахгүй юу?
-Таргалалт хоёр янз байна. Төвийн таргалалт, захын таргалт. Төвийн таргалалт нь эрүүл мэндэд хортой таргалалт байдаг. Энэ нь хэвлийн тойргоор таргалсан, гүзээ суугаад байх тэр өөх чинь л сахарын цусан дахь глюкозын сахарын зохицуулалтыг өөрчилдөг. Тиймээс төвийн таргалалт байж болохгүй. Үүнтэйгээ л сайн тэмцэх хэрэгтэй.Ингэхийн тулд зөв зохистой хоололт байх ёстой. Хоёрдугаарт идэвхтэй хөдөлгөөн хийх ёстой.
-“Чихрийн шижин өвчнөөс ирээдүйгээ хамгаалья” дэлхийн өдрийг тохиолдуулан ямар ажил зохиож байгаа вэ?
-Энэ өвчнөөр өвдөхгүй байх боломж байгаа юм. “Чихрийн шижин өвчнөөс ирээдүйгээ хамгаалья” дэлхийн өдрийг тохиолдуулан “Зөв зохистой хооллолт” гэсэн уриатайгаар чихрийн шижин өвчний өдөрлөгийг зохиох гэж байна. Зөв зохистой хооллох гэдэг нь юуг хэлээд байгаа юм бэ гэдэг дээр тодорхой ойлголтыг хүмүүст өгч, эрүүл мэндийн боловсролын сургалтыг явуулна.
-Энэ өвчний шинж тэмдэг хэрхэн илэрдэг вэ?
-Чихрийн шижин өвчний үед ам их цангах, шингэн зүйл их уух, биеэр идээтэй тууралт гарах, нүдний хараа муудах гэсэн зовиурууд илэрдэг. Өнөөдөр их хурдацтай байгаа зүйл нь таргалалттай холбоотой учир тийм хүмүүст ийм зовиур бага илэрдэг. Тиймээс эмнэлэгт хандахгүй яваад байна. Хүний биед байх ёстой жин гэж байдаг. Энэ жингээсээ илүүдэл хэмжээтэй байвал жилд нэгээс хоёр удаа цусан дахь глюкозын хэмжээгээ үзүүлж байх ёстой. Хүний биед байх ёстой цусан дахь глюкозын хэмжээ норм нь 3.5-5.8 милмоль литр нэгж юм. Үүнээс их байвал дахин шинжилгээ өгөн үүнээс дахин их гарвал чихрийн шижин өвчин гэсэн онош тавина.
-Чихрийн шижин өвчин нь бүрэн эдгэрдэг үү?
-Чихрийн шижин өвчин эхэн үедээ оношлогдсон тохиолдолд хөдөлгөөнөө нэмэгдүүлж, зөв зохистой хооллох юм бол энэ нь эдгэрдэг өвчин юм. Харин хүнд үедээ оношлогдсон тохиолдолд эдгэрдэггүй. Цусаар чихэртэй цус гүйж байгаа учраас чихэртэй цус бусад хялгасан судсуудыг гэмтээж, эрхтэн системд их хүндрэл учруулдаг. Эдийн засгийн хувьд ч мөн нэлээн зардал гардаг. Цаашилбал нүд сохрох, бөөрний дутагдалд орох, хөлөө тайруулах хүртэл хүндрэлд ордог. Мөн гэнэт зүрхний шигдээсээр өвдөх зэрэг аюултай өвчин юм. Тиймээс энэ өвчнөөр өвдөхгүй байх боломж байгаа юм аа гэдэг тал дээр илүү их хүмүүсийн анхаарлыг хандуулж, сургалт семинарыг зохиох гэж байна.
-Өвчилсөн хүмүүсийн хэдэн хувь нь хүндэрсэн байдаг вэ?
Дэлхийд ч манай улсад ч мөн чихрийн шижин өвчний хүндрэл бөөрний дутагдалаар хүндэрдэг. Чихрийн шижин өвчинтэй Монгол хүмүүсийн 46 хувь нь бөөрний дутагдалд орсон байна. Тиймээс хүндрэхээс нь өмнө л урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байх нь чухал юм. Хоёрдугаарт нүдний хүндрэл их байна, дараа нь сүүлийн үед хөлөө тайруулах тохиолдол олон байна. Тиймээс энэ өвчин их аюултай, дэлхий нийтээр их хурдацтай өсч байна.
М.Болорцэцэг