Монгол залуучуудын орон. Нийслэлд амьдарч буй иргэдийн 15 хувь нь өсвөр насныхан. Тэд Монголын баялаг, ирээдүйн манлайлагчид. Гэвч сүүлийн жилүүдэд өсвөр насныхан архи, тамхи замбараагүй хэрэглэж, үр хөндүүлж, бэлгийн замаар дамжих төрөл бүрийн халдвар тээж, аар саархан шалтгаанаас болж амиа хорлох болсон. Тиймээс Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төв Швейцарийн хөгжлийн агентлаг, Люксембургийн Засгийн газар, НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр “Залуучуудын хөгжлийн төсөл” хөтөлбөрийн хүрээнд өсвөр үеийнхэн болон залуучуудад ээлтэй клиник тасаг байгуулж өглөө. Уг төсөл нь өсвөр үеийнхэн, залуучуудыг ур чадвартай, хариуцлагатай бие хүн болгон төлөвшүүлэхэд хувь нэмрээ оруулах зорилготой. ЭМЯ цаашид улсын хэмжээнд өсвөр үеийнхэнд зориулан ийм долоон клиник тасаг байгуулахаар төлөвлөж буй аж.
Өсвөр үе, залууст ээлтэй клиник нь эмнэлгийн тусламж, үйлчилгээг цогцоор нь үзүүлэхээс гадна сэтгэл зүйч, нийгмийн ажилтан, нийгмийн эрүүл мэндийн эмч, мэргэжилтнүүд өсвөр насныханд тулгамдаад буй асуудлыг хамтран зөвлөлдөж, шийдэх юм байна. Тодруулбал, хүсээгүй жирэмслэлт, эхийн эндэгдлээс урьдчилан сэргийлж, бэлгийн замын халдварт өвчнийг илрүүлж, эмчилнэ. Мөн шилжилтийн насныхны өсөлт хөгжил, бэлгийн бойжилт, хоол тэжээл, нөхөн үржихүйн болон сэтгэцийн эрүүл мэнд, архи тамхи, хорт бодисын уршиг, хүчирхийлэлд өртсөн үед хүртэл тусламж, үйлчилгээ үзүүлэхээр тоног төхөөрөмж, үзлэг, ярилцах өрөө зэхжээ. Түүнчлэн эл клиникт өсвөр насныхныг хүлээн авч үерхэл нөхөрлөл, бие махбодид нь гарах өөрчлөлт, стресс, сэтгэл гутрал зэрэг эрүүл мэндийн болон сэтгэл зүйн зөвлөгөө өгөх гэнэ.
О.Бат-Ундрах