Монгол Улсын хүн амын дундах сүрьеэгийн тархалтын түвшинг тогтоох үндэсний судалгааны нээлт Орхон аймгийн Эрдэнэ багийн “Учралтбаяр” өрхийн эрүүл мэндийн төвд боллоо. Тус аймгийн Эрдэнэ, Бүрэнбүст, Говил багуудын 15-аас дээш насны 1800 хүнийг судалгаанд хамруулахаар төлөвлөсөн бөгөөд ХӨСҮТ-ийн мэргэжлийн баг тус аймагт 14 хоног ажиллах юм байна.
Эрдэнэ багт энэ сарын 5-8-нд сүрьеэгийн тархалтын судалгааг явуулж, нийт 480 хүнийг хамруулжээ. Тэдний артерийн даралт, биеийн жин болон өндрийг нь хэмжиж, сүрьеэгийн шинж тэмдгийн талаар асуумж авч, цээжний рентген шинжилгээ хийжээ. 150 иргэнээс цэрний сорьц авч, Сүрьеэгийн үндэсний лавлах лабораторид шинжлүүлсэн аж. Тэгвэл Бүрэнбүст багт энэ сарын 9-нөөс сүрьеэгийн тархалтын судалгаа эхэлсэн бөгөөд өчигдрийн байдлаар 400 гаруй хүнийг хамруулжээ.