Монгол Улсын 2015 оны төсөв батлагдахтай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хийсэн байна. Төсвийн төслийг Байнгын хороо болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгээс гаргасан 70 гаруй зарчмын зөрүүтэй санал нэгдсэн хуралдаанаар дэмжигдсэн тул дээрх саналуудыг хангахад эрх зүйн талаас нь зохицуулалт хийх шаардлагын дагуу тус тогтоолын төслийг боловсруулсан байна. Өөрөөр хэлбэл, Ажлын хэсгээс гаргасан саналуудыг ямар хүрээнд хэрхэн шийдэх талаар Засгийн газарт үүрэг, чиглэл өгөх юм. Тус тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын санал гаргаж дэмжигдсэнээр тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтлоо.