УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос Газрын харилцаа, геодези, зураг зүйн газарт хандан судалгаа ирүүлэх хүсэлтийг албан тоотоор хүргүүллээ. УИХ-ын гишүүдэд иргэд болон иргэний нийгмийн байгууллагуудаас аймаг, сумын удирдлагууд хөдөө аж ахуйн эдэлбэр газар, тэр дундаа бэлчээрийн газрыг гадаадын компаниудад 1 га газрыг 60-150 мянган төгрөгөөр үнэлэн худалдаж, уг мөнгийг орон нутгийн удирдлагууд завшиж байгаа тухай мэдээлэл, санал, гомдол сүүлийн үед их ирж байгаатай холбоотойгоор уг судалгааг ирүүлэх хүсэлт гаргасан байна. Иймд аймаг, сумын Засаг дарга нар тухайн аймаг, сумын ИТХ-ын ямар шийдвэрийг үндэслэн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага болон гадаадын иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх, ашиглуулах шийдвэр гаргасан тухай судалгааг аймаг, сум бүрээр нэгтгэн гаргаж, судалгаанд газар эзэмшүүлэх, ашиглуулах зориулалт, болзол, хугацаа, хэмжээ, газрын төлбөрийн талаарх үзүүлэлтүүдийг тусгах талаар чиглэл өгсөн байна. Байнгын хорооны зүгээс Газрын харилцаа, геодези, зураг зүйн газраас ирүүлэх судалгааг үндэслэн үндэсний аюулгүй байдлыг хангах, төрийн хяналт хэрэгжүүлэхэд чиглэсэн тодорхой арга хэмжээ авч ажиллахаар төлөвлөж байгаа аж.