Энэ онд Өмнөговь аймгийн Засаг даргын захирамжаар орон нутгаас 2 төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Тэгвэл тус 2 хөтөлбөрийн хэрэгжилтийн явц ямар байгаа талаар аймгийн Хөдөлмөрийн хэлтсээс мэдээлэл өглөө.
Ер нь тус хэлтэс орон нутгаас хэрэгжүүлж буй дээрх төслөөс гадна улсын хэмжээний 8 үндсэн төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгаа юм. Орон нутгаас “40-өөс дээш насныхны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийг 2011 оноос эхлэн амжилттай хэрэгжүүлсээр байна. Харин “Ажилтай орлоготой эмэгтэйчүүдийг дэмжих” төсөл хөтөлбөр нь шинээр хэрэгжиж эхлэх гэж байна. Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтэд 1 ажлын байр 1 сая төгрөгөөр нийт 25 ажлын байрыг бий болгожээ. 40-өөс дээш насныхны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр нь нийт 40 сая төгрөгийн төсөвтэй хөтөлбөр бөгөөд бүлгийн зохион байгуулалттайгаар 1 бүлэгт 3 хүн гэсэн бүтцээр хэрэгжиж байгаа аж.
Уг 2 төслийг иргэдийн нээлттэй хэлэлцүүлгээр шийдвэрлэсэн баталсан бөгөөд УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын Сайд Д.Бат-Эрдэнэ үр дүнтэй төсөл хэмээн сайшааж тус бүрд нь 25 сая төгрөгийг Сайдын багцаас гардуулан өгсөн юм.