Авлига авсан хэрэгт сэжиглэгдэж байгаа Хятадын “Beidaihe Water Supply Corporation” компанийн тэргүүн асан Ма Чаоцюний гэрээс мөрдөн байцаагчид 37 кг алт, 62 байшин эзэмших баримт бичиг болон 120 сая юань буюу 19,6 сая доллар бэлнээр илрүүлсэн тухай “Синьхуа” агентлаг мэдээлжээ.
“Ма Чаоцюнь авлига авсан, нийгмийн хөрөнгийг шамшигдуулж, хууль бусаар эзэмшсэн хэрэгт буруутгагдсан” гэж Хятадын Коммунист намын Сахилга батыг шалгах төв хорооны илтгэлд дурдсаныг Синьхуа агентлаг мэдээлж байна. Ийм тохиолдол “нийгэмд сөргөөр нөлөөлдөг” гэж баримт бичигт дурджээ.
Си Зиньпин тэргүүтэй Хятадын удирдлагын “тав дахь үе” төрийн эрхэнд гарсныхаа дараа тус улсад авлигатай тэмцэх кампанит ажил өрнүүлсэн билээ.
Хятадын Ардын дээд прокурорын авлигатай тэмцэх газрын мэдээллээр, энэ оны эхний есөн сарын хугацаанд 21 мянга 65 түшмэлийг авлига авсан хэрэгт сэжиглэж, мөрдөн шалгаснаас 13 мянга 400 нь буруугаа хүлээсэн байна