Дархан-Уул аймгийн Стандарчлал, Хэмжил зүйн хэлтэсээс зохион байгуулсан “Дэлхийн чанарыг хамтадаа бүтээцгээе” уриан дор тэмдэглэж байгаа Дэлхийн чанарын өдрийг тохиолдуулж “Чанарын удирдлагыг сайжруулах нь” сэдэвт онол практикийн бага хурал болов.
Уг бага хуралд аймгийн ЗДТГ, Уус цаг уур, Орчны шинжилгээний төв, ДСЦТС ХК, Дархан Төмөрлөгийн Үйлдвэр ТӨХК, ДДЦС ТӨХК, ДДС ТӨХК, Дархан-Ус Суваг ХК болон “Поликом” ХХК -ийн инженер техникийн ажилтнууд. Тус аймаг дахь ШУТИС, АШУҮИС, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Дархан салбар сургууль, Дархан дээд сургуулийн эрдэмтэн багш судлаач, оюутнууд өөрсдийн бүтээл, судалгааны ажлаараа оролцов. Онол практикийн бага хурлын зочин илтгэлээр СХХ, “ДТҮ” ТӨХК, Дархан Меат Фүүдс ХХК-ны холбогдох албан хаагчид илтгэл тавьж оролцлоо. Нийт 19 илтгэл оролцсоноос тус бүр хоёр байр шалгаруулсан. Албан хаагч, багш нарын нийт 11 илтгэлээс ШУТИС-ийн БуХС-ийн докторант Ж.Энхцэцэгийн тавьсан “Чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлснээр бүтээмжийг дээшлүүлэх боломж” сэдэвт илтгэл тэргүүн байранд шалгарсан бол “Чанарын удирдлагын тогтолцоог бүтээмжтэй хэрхэн холбох тухай” сэдэвт илтгэлээр “ДДЦС” ТӨХК-ийн ХТХНХ-ийн дарга, Монгол улсын зөвлөх инженер В.Даваажав дэд байр эзлэв. Оюутнуудын тавьсан найман илтгэлээс ШУТИС-ийн Дархан Технологийн сургуулийн Инженерчлэлийн салбарын МЕТИ-5 дугаар ангийн оюутан Н.Дамдины “Монгол улсад үйлдвэрлэгдэж буй арматурын гангийн чанарын судалгаа”сэдэвт илтгэл түрүүлж “Төгс чанарын эрэлд” сэдэвт илтгэлээр ХИС-ийн Дархан салбар сургуулийн Санхүү Менежментийн дөрөвдүгээр ангийн оюутан А.Шинэсайхан, А.Хандсүрэн нар удаах байрт шалгарав. Дараа нь оролцогсод чанарын удирдлагыг хэрхэн сайжруулах талаар чөлөөт ярилцлага хийлээ.