Гудамж, талбайн гэрэлтүүлгийг сайжруулахын тулд дэвшилт техник, технологи нэвтрүүлж, шинэ сүлжээ бий болгон, иргэдийн эрүүл аюулгүй амьдрах нөхцөл бүрдүүлэхээр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хөтөлбөр боловсруулжээ. Уг хөтөлбөрийн хүрээнд гэрэлтүүлгийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийг заасан хугацаанд нь засаж, шинэчилдэг болох, операторын үүрэг хариуцлагыг өндөржүүлэн, хяналтын тогтолцоог шинэчлэх аж. Ингэснээр гэрэлтүүлгийн чанар, тоон үзүүлэлтийг дэлхийн томоохон хотуудын жишигт хүргэхээр зорьжээ. Мөн ашиглалт, засвар үйлчилгээний зардлыг бууруулахаас гадна Улаанбаатар хотын шаардлагатай бүх газарт гэрэлтүүлэг тавьж, иргэдээ аюулгүй таатай орчинд амьдрах нөхцөл бүрдүүлэх юм байна.
Нийслэлийн удирдлагын зөвлөлийн гишүүд уг хөтөлбөрийг хэлэлцээд хэрэгжүүлэхийг дэмжлээ. Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн гудамж, талбайд гэрэлтүүлгийн 24.492 шон, 35.372 гэрэлтүүлэгч, удирдлагын 722 самбар байдаг аж. Эдгээрийн засвар үйлчилгээг нийтийн үйлчилгээний “Улаанбаатар нэгтгэл”, дүүргүүдийн ЗДТГтай гэрээтэй 13 аж ахуйн нэгж хариуцаж байгаа аж. Гэрэлтүүлгийн 49 хувь нь гэр хороололд, 38 хувь нь нийтийн эзэмшлийн гудамж талбайд, 13 хувь нь орон сууцны хороолол дунд байдаг. Харин нийтийн эзэмшлийн гудамж талбайн 80, орон сууцны хорооллын 90, гэр хорооллын 60 хувь нь гэрэлтүүлэгтэй. Үүний цахилгааны төлбөрт жилд 1.2, ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 3.7 тэрбум орчим төгрөг зарцуулдаг юм байна.
Ч.МӨНХ