Адаацаг суман дахь Сүм хөх бүрдийн нуурыг сэргээхээр Дундговь аймаг зорьж байгаа. Говийн догшин ноён хутагт Дулдуйтын Данзанравжаагийн амьдарч, уран бүтээлээ тууриж байсан барилгын балгас хөвөөн дээр нь байдаг энэ нуур зэгстэй, усны шувууд чуулдаг үзэсгэлэнт газар байсан бол эдүгээ ус нь ширгэж, зэгс ургахаа больжээ. Тиймээс тус аймгийн Засаг дарга энэ нуурын ойролцоо уст цэг байгуулан, нуур луу усыг нь хоолойгоор татахаар мөрийн хөтөлбөртөө тусгаад хоёр жил болсон ч өнгөрсөн хугацаанд юу ч хийлгүй байсаар солигдсон аж. Тэгвэл одоо аялал жуулчлалын цогцолбор байгуулахаар болж, зураг төсөл боловсруулах гүйцэтгэгч шалгаруулах тендер зарлажээ. Нуурыг сэргээж, цогцолбор байгуулах хөрөнгийг орон нутгийн хөгжлийн сан, улс, орон нутгийн төсвөөс гаргах гэнэ.