Булган аймгийн Гурванбулаг суманд өвөл хатуухан болж мэдэхээр байгаа гэнэ. Малчид хэрэндээ л бэлтгэлээ базаасан ч бэлчээр халцгай, ус бараг байхгүйтэй адил байгаа аж. Хур багатай, зуншлага тааруу болсноос бэлчээрт өвс ургамал муу ургасны дээр үлийн цагаан огтоно ихээхэн талбай сүйтгэжээ. Улсын төсөв, төсөл, хувийн хөрөнгө оруулалтаар гурван худаг шинээр гаргаж нийт 65 худагтай болсон ч өвөл харзалдаг гол горхи, булаг ховордож, малын тоо өссөний улмаас нийт малын 50 хувь нь л устай өвөлжих нь. Тиймээс Гурванбулагийн малчдын зарим нь Могод, Хишиг-Өндөр, Архангай аймгийн Хашаат, Өгийнуур суманд өвөлжих гэж байна.
Дундговь аймгийн зарим суманд бас өвөлжилт хүндрэх төлөвтэй болсон тул малчид отор нүүдэл хийж эхэлжээ. Гэхдээ өөр аймгийн нутагт биш, зун, намар ургамлын гарц сайн байсан бусад сумандаа оторлож байна. Олон оторчинтой сумын нэг нь Луус. Тус сумын Наран багийн малчдын 50 гаруй хувь нь оторт гарчээ. Одоо дахиад арваад өрх оторт явахаар зэхэж байна. Харин Өндөршил сумын малчид Дорноговь аймгийн Сайхандулаан сумын нутагт оторлохоор эхнээсээ нүүж эхэлсэн байна.