Мэргэжлийн Хяналтын Ерөнхий газраас хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг газруудад холбогдох хууль, дүрэм журам, стандартын хэрэгжилт, технологийн горимын мөрдөлт, ариун цэвэр, эрүүл ахуйн нөхцөлд нь шалгалт хийсэн байна. Шалгалтад нийт 1421 хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчээс төлөвлөгөөт хяналтад 735, урьдчилан сэргийлэх болон удирдлагын шийдвэрээр хийсэн хяналтад 686, хяналт шинжилгээнд 523 хоолны газар, тандалт судалгаанд 38 нэр төрлийн хоол амтлагч /хүнсний нэмэлт/ зөвлөн туслах үйлчилгээнд 175 хоолны газар хамрагджээ.
Сүүлийн арван жилийн хугацаанд улсын хэмжээнд гарсан хоолны хордлогын материалыг нэгтгэн, дүн шинжилгээ хийхэд нийт 78 хоолны хордлого гарсан ба үүнээс аймгийн хэмжээнд 59, нийслэлийн хэмжээнд 19 тохиолдол бүртгэгдсэн байна. Шинжилгээнд хамрагдсан хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газрын ажиллагсад хувцас солих өрөө /шүүгээ/-гүйгээс гал тогооны өрөөнд хувцсаа сольдог, хүнсний агуулахгүй, бэлтгэл өрөө, тасалгаагүй, хоол үйлдвэрлэлийн бүх ажиллагааг нэг дор гүйцэтгэдэг зэрэг зөрчил илэрчээ.
Үүнээс гадна стандартын шаардлага хангаагүй гал тогоо бүхий ажлын байртай, технологийн урсгал буруу зохион байгуулагдсан, ажлын байрны нөхцөл тодорхойлох хэмжилт шинжилгээгүй, ажлын байрны ариун цэврийн шаардлага хангагдаагүй, 166 хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газар мэргэжлийн тогоочгүй үйл ажиллагаа явуулж байсан аж. Мөн 97 хоолны газрыг зөрчлөө арилгах хүртэл үйл ажиллагаа явуулахгүй байхыг сануулж, үйл ажиллагааг нь зогсоожээ.