Цагдаагийн албаны хууль хэрэгжиж эхэлснээс хойш багагүй хэл ам дагуулах болсон. Үүний нэг нь албан тушаалын цол олгох журам байлаа. Ахмад цолтой байсан хүн гэнэт хурандаа болох, хурандаа, дэд хурандаа цолтой байсан хүн ахмад болсон нь нэлээд хэл ам таталсан. Үүнийг саяхнаас өөрчлөхөөр болж, энэ сарын 20-ноос хэрэгжүүлэхээр шийджээ.Энэ журмаар сургууль төгсөөд удаагүй хэн нэгэн ямар нэгэн албан тушаалд томилогдмогц хурандаа, дэд хурандаа,хошууч цол олгохгүй, харин сургууль төгсөөд дэслэгч цол авах гэнэ. Гурван жил ажиллаад ахлах дэслэгч, мөн хугацааны дараа ахмад цол олгох юм байна. Цагдаагийн хошууч цолыг зургаан жил, дэд хурандааг 11 жил, хурандааг 17 жил ажилласан алба хаагчид албан тушаалын сонгон шалгаруулалтын сургалтад хамрагдаж, шалгалтын онооны дарааллаар тэнцэж, томилогдоход олгохоор болсон гэнэ. Комиссар цолыг 21-ээс дээш жил ажилласан хурандаад олгохоор заажээ.