Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгч Ц.Зориг тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 12-17-нд Гаагын гэж нэрлэгддэг Олон улсын эрүүгийн шүүхэд айлчиллаа. Тус шүүхийн ерөнхийлөгч Сон Сан Хюны урилгаар манай шүүгч нар Недерландыг зорьсон аж. Тус шүүхийн ерөнхийлөгч бөгөөд шүүгч Сон Сан Хюн Дээд шүүхийн ерөнхий шүүгч Ц.Зориг тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзах үеэрээ хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан туршлага судлах, Гаагын шүүхийн шүүгчийг сонгон шалгаруулах журам, шүүгчид тавигдах шаардлага зэрэг асуудлаар ярилцсан байна. 2011 оны долдугаар сард Олон улсын эрүүгийн шүүхийн ерөнхийлөгч Сон Сан Хюн манай улсад албан ёсны айлчлал хийж байсан бөгөөд энэ үеэр Ц.Зориг түүнд хандан монгол хүнийг ажиллуулах нөхцөл боломж бий эсэхийг судалж үзэх хүсэлт тавьсан билээ. Мөн энэ үеэр тус шүүхийн прокурорын ажлын албаны удирдах албан тушаалтнуудтай уулзаж, Шүүн таслах ажиллагааны болон Тамгын газрын өдөр тутмын үйл ажиллагаатай танилцсан гэнэ.