Боловсролын салбарын мэдээллийн систем нь зургаан үндсэн, 300 гаруй дэд системээс бүрдэж байгаа. Одоогоор ажлын явц 47 хувьтай явааг БШУЯ-ныхан өчигдөр мэдээллээ. Эл мэдээллийн системийн тусламжтайгаар сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт, сурагчдын тоо, хүүхэд бүрийн дүн, багш нарын бүтээмж гээд боловсролын салбарын бүх шатны мэдээлэл, статистикийг мэдэх боломжтой. Өмнө нь манайд ийм систем байгаагүйгээс сургууль, Боловсролын газар, БШУЯ-ны мэдээлэл зөрүүтэй гардаг байжээ. Мэдээллийн нэгдсэн сантай болсноор сургуультай холбоотой аливаа лавлагааг цахим машинаас авах боломж бүрдэх гэнэ. Түүнчлэн эцэг эхчүүд хүүхдээ хичээлдээ сууж байгаа эсэх, явцын үнэлгээ, дүнг мэдэж болохоос гадна сурагчид мэдээллийн системд бүртгэлтэй багш нараас онлайнаар давтлага авч болно.
БШУЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Л.Лувсанжамц “Жилийн хугацаанд боловсролын салбарын мэдээллийн системийн суурь, дизайн, бүртгэлийн системийг хийсэн. Системд тухайн хүүхдийн цэцэрлэгт элссэнээс эхлээд сургууль төгсөх хүртэл бүх мэдээллийг бүртгэнэ. Иймээс хуурамч дипломыг манай системийн тусламжтайгаар илрүүлж болно. Түүнчлэн сургуулиуд хүүхдийнхээ тоог нэмж, хувьсах зардлын мөнгө илүү авдаг байдал ч арилах юм. Системээ 2016 оны долдугаар сард бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Ирэх тавдугаар сар гэхэд дүнгийн мэдээллийг системд оруулна.
Одоо бүртгэл, статистик мэдээллийн систем буюу үндсэн суурь системүүд ашиглалтад орсон. Онлайнаар давтлагад суухад төлбөрийг хэрхэн авах гэх мэт эрх зүйн харилцааг зохицуулах шаардлагатай” гэлээ. Боловсролын салбарын мэдээллийн системд www. esis.edu.mn цахим хуудсаар тусгай эрх авч нэвтэрнэ. Энэ эрх үнэгүй аж.
Э.ЭРДЭНЭ