Айсуй хавар худалдаанд гаргаж, махны үнийг тогтворжуулах зорилгоор Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас нөөцийн махны менежер бэлтгэх компанийг сонгон шалгаруулдаг. Улаанбаатар хотын хэрэглэгчдийн хэрэгцээнд зориулж, нийт 12 мянган тн мах нөөцөлнө. Монголбанкны ерөнхийлөгч, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдын хамтарсан А-166/А-24 дугаар тушаалаар батлагдсан “Хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнэ тогтворжуулах” дэд хөтөлбөрийн нэгдүгээр хэсэг дэх “Махны нөөц бүрдүүлэх, үнэ тогтворжуулах” хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор 2015 онд худалдаанд гаргах махны нөөц бүрдүүлж, хадгалан, борлуулах менежер компаниудыг сонгон шалгарууллаа.
Нөөцийн махны менежерээр “Мах импекс” ХК, “Эм Эн Ди Эм”, “Баатрууд тэнгэр”, “Мах маркет” ХХК ажиллахаар болж, гэрээ байгуулжээ. Эдгээр компани нийслэлийн хэрэглэгчдийн хэрэгцээнд тус бүр 3000 тн мах нөөцөлнө. Харин Дархан-Уул аймгийн иргэдэд зориулан, 1000 тонн мах нөөцлөх менежерээр “Дархан мийт фүүдс” компани дахин тодорсон байна. Орхон аймагт 1000 тонн махны нөөц бүрдүүлэх үүргийг “Эрдмийт” ХХК урьдын адил хүлээж, гэрээ байгууллаа.