Хүйтний улирал эхэлсэнтэй холбоотойгоор ханиад томуу эрс нэмэгддэг. Тэгвэл энэ сараас эхлэн бага насны хүүхдүүд вирусийн гаралтай респиратор синцитиал, аденовирус, риновирусээр өвчлөх болжээ. Энэ нь хэдэн жилийн давтамжтай дэгддэг томуугийн төрлийн вирус юм байна. Ялангуяа респиратор синцитиал нь хатгаа туссан хүүхдийн уушгины завсрын эдийг гэмтээж, хүндрүүлдэг аюултай аж. Өнгөрсөн долоо хоногт улсын хэмжээнд 166.067 хүн амбулаториор үзүүлсний 10392 нь, Улаанбаатар хотод мөн ийм тооны хүн томуу, томуу төст өвчтэй болохыг оношилжээ. Тэдний 90.6 хувь нь 15 хүртэлх, 72.1 хувь нь 0-4 насныхан байгаа аж. Энэ нь өнгөрсөн долоо хоногийнхоос 1000 орчим хүнээр, өмнөх жилийн мөн үеэс 1.3 хувиар олон байгаа юм. Үүгээр зогсохгүй олон жилийн дундаж түвшнээс давах хандлагатай болсныг ХӨСҮТ-ийн эмч нар ярьж байна. Тиймээс эцэг эхчүүд бага насны хүүхдээ дааруулалгүй, дулаан хувцаслан, ханиад хүрсэн үед нь цэцэрлэг, сургуульд нь явуулахгүй гэрт нь асрах, олон нийтийн газраар дагуулж явахгүй байхыг сэрэмжлүүллээ.
Мөн гарыг нь сайтар угаалгаж, гэр орноо дулаан байлган, чийгтэй цэвэрлэгээ хийж, хоёр цаг тутам өрөө тасалгааг агааржуулан, амин дэмээр баялаг хоол хүнс хэрэглэж, шингэн сайн уулган, цэгэн иллэг хийж хэвших нь үр дүнтэй аж. Харин дур мэдэн антибиотик хэрэглэлгүй, эмчид яаралтай хандахыг ХӨСҮТ-өөс анхааруулав. Дашрамд өгүүлэхэд, томуугийн эсрэг вакциныг тус төвийн Сайн дурын дархлаажуулалтын кабинет (101 тоот), 21 аймгийн Эрүүл мэндийн газрын Дархлаажуулалтын кабинетэд хандан тариулах боломжтой.
О.БАТ-УНДРАХ