УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлгийн зарим гишүүн жүжигчин И.Одончимэг, Г.Ундармаа нартай уулзаж талархал илэрхийллээ. Улаанчулуутын хогийн цэг дээрх хүүхдүүдэд боловсрол олгоход дэмжлэг үзүүлэх төсөл болон хэд хэдэн эмнэлгийн хүлээлгийн өрөөг тохижуулах сайн үйлсийг санаачлан хэрэгжүүлж буй жүжигчин бүсгүйчүүдэд талархал илэрхийлэхийн хамт цаашид хамтран ажиллах санал тавьсан юм. Ойрын үед УИХ Гэр бүлийн болон гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхлэх бөгөөд дээрх төслүүдэд цоо шинээр тусгагдсан үзэл баримтлалыг олон нийтэд таниулж, сурталчлахад дэмжиж ажиллахыг хүссэн юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ, Л.Эрдэнэчимэг, С.Одонтуяа, Г.Уянга нар 2013-2015 эрүүл, мэнд боловсролын чиглэлээр 500 гаруй барилга, байгууламж ашиглалтад орохыг дуулгасан. Харин жүжигчин И.Одончимэг “Олны танил хүмүүст нийгмийн хариуцлага байх ёстой. Хазгай гишгэх эрхгүй” гээд 20 ангитай сургуулийн барилгаа дуусгаж төслөө хэдийнэ эхлүүлснээ дуулгасан.