Төр нийгмийн нэрт зүтгэлтэн, Үндсэн хуулийн эхийг баригч, Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч Б.Чимидийн нэрэмжит шагнал олгох журмыг УИХ-ын Тамгын газар, УИХ-ын Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс өнөөдөр хэвлэлийнхэнд танилцууллаа.
Уг шагналыг жил бүр нэг хүнд эсвэл судлаачдын нэг багт олгох ба шагнал нь УИХ-ын даргын гарын үсэг бүхий өргөмжлөл, Б.Чимидийн дүрс бүхий медаль, таван сая төгрөгийн мөнгөн урамшуулал дагалдана. Шагналыг жил бүр Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Төрийн ордонд хүндэтгэлтэйгээр гардуулж байхаар шагналын журамд тусгажээ.
Мөн нэр дэвшигчдийг эрдэм шинжилгээний байгууллага, их дээд сургууль, төрийн болон төрийн бус байгууллагаас тодруулж, холбогдох баримт бичгийг нь УИХ-ын Тамгын газарт жил бүрийн 12 дугаар сарын нэгний өдрийн дотор хүргүүлж байх гэнэ. Судлаач, эрдэмтдийн хамтарсан баг 3 хүртэлх нэр дэвшигчийг сонгон шалгаруулж, УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлд оруулж, зөвлөл нэг хүнийг шалгаруулах аж. Шагнал олгох шаардлага хангасан бүтээл ирээгүй гэж үзвэл тус зөвлөл тухайн жилд шагналыг олгохгүй эрхтэй гэж энэ үеэр мэдээллээ.