Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар хувийн хэвшлийн орон сууцны компаниудын төлбөр тооцоонд ашиглаж буй тоолуур, хэмжих хэрэгслийн баталгаажуулалт, ашиглалт, хэмжилтэд хийсэн хяналт шалгалтын дүнг өчигдөр танилцуулав. Шалгалтад 114 аж ахуйн нэгж, 56 айл өрхийг хамруулж, ус, цахилгааны 345 ширхэг тоолуураас хэд хэдэн зөрчил илрүүлсэн байна. Тодруулбал, айл өрхийн цахилгааны төлбөрийг аж ахуйн нэгжийн тарифаар тооцон авсан, тоолуурын заалтыг нэмж бичдэг, компаниудын хэмжилзүйн дотоод хяналт хангалтгүй зэрэг нийтлэг дутагдал байгаа аж. “Богд-Асар”, “Цагаан хуаран дэвшил”, “Баян Монгол” хотхон, “Ган инженеринг”, Хилийн цэргийн 0288 дугаар анги, “Таун комфорт” зэрэг 16 компанийн барьсан орон сууцанд орсон айл өрхүүдийн тоолуурын баталгаат хугацаа дууссан байтал эдгээр компани байгууллага түүгээрээ төлбөр тооцоо авч байжээ. Тиймээс НМХГ-ын хэмжилзүйн хяналтын улсын байцаагч нар зөрчлийг арилгуулахаар найман аж ахуйн нэгжид 32 заалт бүхий албан шаардлага хүргүүлж, есөн аж ахуйн нэгжийг хуулийн дагуу хоёр сая гаруй төгрөгөөр торгожээ.