УИХ-ын гишүүн Л.Болд, Г.Баярсайхан, Ц.Оюунгэрэл нар Шүүмжлэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл санаачилсан байна. Хүнийг “үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх” эрхээ хэрэгжүүлснийх нь төлөө хууль зүйн хариуцлага хүлээлгэх, хяхаж хавчих сөрөг үзэгдэл амь бөхтэй оршсоор байгаа төдийгүй төрийн байгууллага, албан тушаалтны зүгээс хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хяналт тогтооход чиглэсэн тохиолдол гарах болсонтой холбоотойгоор дээрх төслийг санаачилсан аж. Сүүлийн 4 жилийн судалгаагаар хүний үг хэлж, үзэл бодлоо илэрхийлсэний төлөө эрүүгийн хариуцлагад татуулах өргөдөл гаргасан нийт хүний 90 хувь нь албан тушаалтан болохыг ч төсөлд дурджээ. Энэ нь жирийн иргэдийн эрхээ хэрэгжүүлэхэд хууль зүйн бодитой хамгаалалт, баталгаа хэрэгтэйг илтгэн харуулж буй хэрэг хэмээн төсөл санаачлагчид үзсэн байна. Иймээс иргэний шүүмжлэх эрхийг хүлээн зөвшөөрч баталгаажуулах үүднээс дээрх хуулийн төслийг санаачилсан байна. Шүүмжлэгчийн эрхийг хамгаалах тухай хуулиар хуулийн үйлчлэлд хамаарч буй байгууллага, албан тушаалтны алдаа, дутагдлыг ил болгосон шүүмжлэгч иргэний эрхийг эрхийг хамгаалах, шүүмжилснийх нь төлөө хариуцлага хүлээлгэдэггүй байх, шүүмжлэлийн эсрэг аливаа дарамт шахалт үзүүлэхгүй байхтай холбоотой харилцааг зохицуулах бөгөөд 2 бүлэг 11 зүйлтэй юм байна. Дашрамд дурдахад, Шүүмжлэгчийн эрхийн хамгаалахтай холбоотой хууль тогтоомжийг гадаад орнуудад 1970-аад оноос батлан гаргаж эхэлсэн бөгөөд эдүгээ АНУ, Их Британи, Япон, БНСУ, Норвеги, Голланд, Румын, Швейцар зэрэг улс орнуудад баталжээ.