Ерөнхий сайдад нэр дэвшээд буй Ч.Сайханбилэг өчигдөр УИХ дахь МАН-ын бүлгийн хуралд оролцов. Тэрбээр Ерөнхий сайдад нэр дэвшиж буй асуудлаараа тус намын бүлэгтэй хэлэлцэх, УИХ-ын гиш үүдтэй уулзах санал тавьсан юм байна. Энэ хуралд түүнтэй хамт УИХ-ын дарга бөгөөд АН-ын дарга З.Энхболд оролцсон аж. Тэд УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдэд 11.00-14.00 цагийн хооронд “байцаагдсан” мэдээ байна. Энэ үеэр Ч.Сайханбилэг “Н.Алтанхуягийн Засгийн газрын гаргасан алдаа дутагдлыг арилгана. Эдийн засгийн хямралыг даван туулах арга зам хайна” гэсэн бол УИХ-ын дарга З.Энхболд “Бидний өнгөрсөн хоёр жилийн хугацаанд баримталсан байр суурь зарим талаар буруу байж. Одоо ойлголцож, олон асуудлаар зөвшилцөн, улстөржиж, талцан хуваагдахгүй, ард иргэдийн сайхан амьдралын төлөө ажиллая. Парламентад олон суудалтай МАН-тай үндэсний зөвшилцөлд хүрнэ гэж найдаж байгаа. Сонгуулийн хууль, Үндсэн хууль болон бусад хуульд өөрчлөлт оруулж, алдаагаа засъя” хэмээн хэлсэн байна.
Уржигдар орой МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, Ерөнхий сайдад нэр дэвшигчийн асуудлыг хэлэлцсэн бөгөөд гишүүд Н.Алтанхуягийн Засгийн газарт ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байсан хүнийг Ерөнхий сайдаар томилох асуудалд санал хуваагдсан байдаг. Түүнийг эсэргүүцэгчид “Н.Алтанхуягийн Засгийн газартай хариуцлага тооцох асуудлыг МАН цөөнгүй удаа тавьсан. Шаардлага үр дүнд хүрч, Засгийн газар дөнгөж огцорсны дараа энэ танхимд “гал тогоо”-г нь хариуцан, эдийн засгийн хямралыг эхлүүлэх алдаатай бодлого боловсруулж, зураг төлөвлөгөө гаргаж байсан хүнийг Ерөнхий сайдаар томилох нь МАН байр сууринаасаа ухарсан хэрэг болно” хэмээн үзсэн сурагтай.
Ийнхүү санал хуваагдсан тул өчигдөр УИХ дахь МАН-ын бүлэг уг асуудлаар 19.00 цаг хүртэл хуралдсан ч эцсийн шийдвэрт хүрээгүй байна. Юутай ч Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдаар томилох эсэхийг хэлэлцсэн Ардчилсан намын УИХ дахь бүлгийн хуралдаанд 35 гишүүн оролцох ёстой байсан ч 29 нь оролцсон. Тэдний 17 нь түүнийг дэмжиж, арав нь эсрэг санал өгсөн байдаг. Намынхныхаа дэмжлэгийг хангалттай авч чадаагүй Ч.Сайханбилэг УИХ-д суудалтай улс төрийн намуудаас хамгийн түрүүнд МАН-ыг сонгож, Ерөнхий сайдаар баталгаажих асуудлаа хэлэлцүүлсэн нь улс төрийн бусад нам, ялангуяа хоёр жил гаруй хамтарч нэг Засгийн газарт ажилласан “Шударга ёс” эвслийнхний гайхлыг төрүүлэх байх. Хамтарсан Засгийн газрын асуудлыг ярихад арай эрт байгаа. Энэ асуудлаар Ерөнхий сайд томилогдсоныхоо дараа бичгээр оруулж ирэх ёстой. Үүнтэй зэрэгцэн тухайн Засгийн газар ямар бүтэцтэй ажиллах, ямар бодлого хэрэгж үүлэх, улс төрийн аль намтай хамтрах вэ гэх асуудал хөнд өгдөнө. Үүнээс өмнө З.Энхболд Ч.Сайханбилэг нар эвсэлд багтсан намуудыг алгасан, түрүүлээд МАН-тай хэлэлцээр хийх гэж оролдсон нь шинэ Ерөнхий сайдын замыг эртнээс засах гэсэнтэй нь холбоотой бололтой. Хэрвээ хэлэлцээр үр дүнд хүрвэл алсдаа Засгийн газрын нас уртасна гэж тооцсон байх.
Н.Алтанхуягийн Засгийн газрын алдаа оноог илчилж байсан, УИХ-д 26 суудалтай МАН-ыг буулгаж авах нь Ч.Сайханбилэгт тийм ч амар биш. Юутай ч З.Энхболд, Ч.Сайханбилэг нартай хийсэн уулзалт, тэдний эвсэж, ойлголцъё гэсэн гуйлт, хамтарсан Засгийн газарт орохыг хүссэн далд утгатай урилга тус намын бүлгийн гишүүдийг хоёр хуваагдахад хүргэжээ. Өчигдөр 11.00 цагт эхэлсэн хурал 19.00 цагт тарж, хуралд оролцогчид Ч.Сайханбилэгийн Засгийн газарт орох уу, болих уу гэдэгт санал хуваагдаад тарсан байна. Гэвч энэ шийдвэрийг УИХ дахь МАН-ын бүлэг биш тус намын Удирдах зөвлөл гаргах ёстой. Удирдах зөвлөл дахин хуралдаж шийдвэрээ гаргах аж. Харин Ч.Сайханбилэг МАН-ыг Засгийн газарт “нууцхан” урьж, байр суурийг нь сонжсон явдлыг УИХ дахь “Шударга ёс” эвсэл хэрхэн хүлээж авах нь тодорхойгүй байна. Хэрвээ МҮАНМАХН- ыг Засгийн газарт урихгүй бол “Шударга ёс” эвсэл 2012 оны УИХ-ын сонгуулийн дараа байгуулсан гэрээ болон бусад эрх зүйн хүчин төгөлдөр гэж үзэхүйц баримтуудаа дэлгэх, АН-ын УИХ дахь бүлгийн байр суурийг шүүмжлэх, Ч.Сайханбилэгийн асуудлыг УИХ-аар хэлэлцүүлэх үед санал өгөхөөс татгалзах зэргээр эсэргүүцэл үзүүлж мэднэ. Ингэвэл гайхах явдалгүй.
Манай улс төрийн намууд энэ аргыг чадварлаг эзэмшсэн нь үнэн. Харин Ч.Сайханбилэг өөрийн тэргүүлсэн Засгийн газрынхаа насыг уртасгахын тулд УИХ-д суудалтай улстөрийн бүх намд санал тавьж, тэднийг эхнээс нь урхидаж яваа бололтой.
Д.ОТГОО