Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт иргэд 2014 оны нэгдүгээр сараас эхлэн улаан хас чулууг түүж, байгаль орчин сүйтгэн үүний улмаас нэг хүн нас барж, хоёр хүн дарагдсан билээ. Тиймээс аймгийн Засаг даргын захирамжаар Өмнөговь аймгийн Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын болон Байгаль орчны газар хамтран зургаан сарын хугацаанд хамгаалалтад гарчээ. “Энэ нь ямар ч үр дүнгүй, цаашид гар аргаар үнэт чулуу түүгчдийг барьж, хорьж, цагдаж хүчрэхгүй болсон тухайгаа МХЕГ-ын Байгаль орчин, аялал жуулчлал, геологи, уул уурхай хяналтын газрын дарга Б.Батсайхан хэлэв.
Өнгөрсөн хугацаанд өнгөт чулуу түүгчдээс мотоцикль 400, давхардсан тоогоор 20 гаруй автомашиныг хураан, саатуулсан ч эдийн засгийн хямралаас үүдэн буцаан олгосон байна. Харин мотор бусад багаж хэрэгсэл, хууль бусаар олборлосон 1.2 тонн улаан хас чулууг улсын өмч болгожээ. Мөн МХЕГ өнгөт болон гоёлын хагас эрдэнийн чулууг Монгол Улсын хилээр гаргахгүй байх талаар гаалийн байгууллагад шаардлага хүргүүлсэн байна.
Д.Анир