Тулгар төрийнхөө 2223 жилийн ой, Их эзэн Чингис хаан мэндэлсний 852 жилийн ой, "Монгол бахархлын өдөрт" зориулсан үндэсний бөхийн барилдаан энэ сарын 23-ны ням гарагт 14 цагаас Монгол бөхийн өргөөнд болох гэж байна.
Эзэн Чингис хаан-Тэмүжиний мэндэлсэн ойг билгийн тооллын гуравдугаар жарны усан морин жил буюу 1162 оны өвлийн тэргүүн сарын шинийн нэгний өдөр хэмээн тогтоож, Их хааны мэндэлсэн өдрийг “Монгол бахархлын өдөр” хэмээн нэрийдэж, хоёр жилийн өмнөөс бүх нийтээр ёслон тэмдэглэх болсон юм.
Барилдаанд улс аймгийн алдар цолтой шилдэг бөхчүүд зодоглоно. Өмнөх хоёр жилийн барилдаанд хоёуланд нь улсын заан Ч.Санжаадамба түрүүлж байсан. “Монгол бахархлын өдөр”-өөр нэг зүйлийг бахархалт зүйлээр зарладаг уламжлалтай бөгөөд 2012 онд анх Шонхор шувууг үндэсний бахархалт шувуугаар зарлаж байсан бол өнгөрсөн жил Бурхан халдун хайрханыг үндэсний бахархалт хайрханаар зарлаж байжээ.