Монголын залуучуудын холбооны дэргэдэх Залуучуудын гэр бүлийн хөгжлийг дэмжих хороо нь залуу гэр бүлийн үнэ цэнэ, үүрэг хариуцлагаа ухамсарлахад чиглэсэн сургалт, зөвлөгөө өгөх, залуу гэр бүлийг дэмжих зорилготой “Тогтвортой гэр бүл” өдөрлөг өнөөдөр боллоо. Өдөрлөгийн үеэр залуу гэр бүлд “Гэр бүлийн үнэ цэнэ, үүрэг хариуцлага”, “Хэвлий дэх хүүхдийн тань хэлэх үг”, “Залуу гэр бүлд өгөх сэтгэлзүйн зөвлөгөө” сэдвээр сонирхолтой сургалт, зөвлөгөөг хүргэсэн нь оролцогч залууст үр өгөөж сайтай байлаа. Гэр бүл гэдэг нийгмийн хамгийн бага нэгж ч гэлээ асар их үүрэг, хариуцлага үүрч улс эх орны үндэс, суурь нь болж өгдөг билээ. Гэр бүлийн хүчирхийлэл, салалт нэмэгдэж энэ хэрээр хүүхдийн хүмүүжил доголдож асуудалтай гэр бүлийг үүсгэх нөхцөл бий болоод буй өнөө үед тогтвортой гэр бүлийг бий болгоход залуусын үүрэг оролцоо чухал байгааг сануулсан сонирхолтой арга хэмжээ боллоо хэмээн уг өдөрлөгт оролцсон залуус онцоллоо. “Тогтвортой гэр бүл” өдөрлөгийг үргэлжлүүлэн Улсын нэгдүгээр амаржих газарт явуулах аж.