Улаанбаатар хот дахь Дархан-Уул аймгийн залуучуудын холбооноос оюутан залуучуудынхаа чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх, мэдээ мэдээлэл олж авахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор “Дарханчуудаа дуудаж байна” цуврал лекцийг энэ сарын 6-наас зохион байгуулж буй. Уг цуврал лекцэнд УИХ-н гишүүн С.Ганбаатар “Нүүхээсээ өмнө бэлчээрээ сонго”, Эдийн засагч Л.Наранбаатар “Байшингийн үлгэр” сэдвээр тус тус лекц уншихын зэрэгцээ залуустай нээлттэй ярилцаж, санал бодлыг нь сонсож, амжилтаасаа хуваалцсан юм. Тэгвэл энэ удаагийн зочноор Монгол Улсын гавьяат багш доктор, профессор Ц.Дэмбэрэлийг урьжээ. Тэрбээр энэ сарын 20-ны 16.00 цагт Монголын залуучуудын холбоонд “21-р зууны чадамж, сурч амьдрах шинэ шаардлага” сэдвээр үнэ төлбөргүй лекц унших болжээ.