Багануур дүүрэг хот болон хөгжих боломжтой хэмээн иргэд үзэж, олон жил хүлээсэн. Энэ нь улстөрчдийн сонгуулийн шоу болж “Бие даасах хот” болгоно хэмээн амласаар олон жилийг үдсэн. Тэгвэл нийслэлийн ИТХ 2020 он хүртэл Улаанбаатар хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотголыг УИХ-аар батлуулснаар Багануур дүүргийг хот болгон хөгжүүлэх “Хотын үндсэн дүрэм”-ийг боловсруулж, өнөөдөр дүүргийн иргэдээр нээлттэй хэлэлцүүллээ. Нийслэлийн Засаг дарга хэлэлцүүлгийг нээж “Багануур дүүргийн иргэд 2006 онд санал асуулга явуулан 95.6 хувийн саналаар хот болох хүсэлтээ тухайн үеийн Засгийн газар, нийслэлийн удирдлагуудад хүргүүлж байсан. Хотын үндсэн дүрмийг бүгдээрээ хэлэлцэн баталснаар энэ асуулга биелэлээ олох боломж бүрдэнэ. Багануур дүүрэг улс, нийслэлийн төсөвт 10 гаруй тэрбум төгрөг төвлөрүүлээд, 4.1 тэрбум төгрөгийг буцаан авч байгаа нь хөгжлийн тушаа болж байна. 10 гаруй тэрбум төгрөгийнхөө ядаж тал хувийг өөрсдөө мэддэг, бие даасан статустай байсан бол Багануур хөгжлийн өндөр түвшинд хүрэх боломжтой байсан. Багануурчууд хот төлөвлөлтөө өөрсдөө хийж, хамтын хүчээр хөгжих боломж, эрх, эдийн засгийн эрх мэдлийг бид өгөхөөр төлөвлөж байна. Та бүхэн хотынхоо Захирагчийг аль нэгэн намын оролцоогүй өөрсдөө сонгодог болно. Энэ мэт олон давуу тал хотын үндсэн дүрэмд бий” гэдгийг онцоллоо.
Хотын үндсэн дүрмийн хэлэлцүүлэгт оролцсон иргэд уг төслийг дэмжиж буйгаа илэрхийлж, "Алслагдсан дүүрэг биш хот болон хөгжих боломж, бүтээн байгуулалтдаа оролцох эрх олгож байгаад баяртай байгаа”-гаа хотын даргад дуулгалаа. Хотын үндсэн дүрмийг иргэдийн санал асуулгаар дэмжин батлах юм. Иргэд эвлэлдэн нэгдэж, хот байгуулахдаа үндсэн дүрмийг боловсруулан баталж, хотынхоо бүрэн эрхийг тогтоож өгснөөр бүхий л асуудлыг удирдан шийдвэрлэх юм байна. Багануурчууд энэ онд багтаан хотын үндсэн дүрмийг хэлэлцэн баталснаар ирэх оны нэгдүгээр сарын дундуур хот болохыг дэмжих, эсэх, үндсэн дүрмийг батлах эсэх талаар санал асуулгад оролцон дэмжсэн саналаа дүүрэг, нийслэлийн ИТХ-аар хэлэлцүүлэн УИХ-аар баталгаажуулах аж.