Малд зориулсан “АСД-3Ф”, “АСД-2Ф”-г хууль бусаар оруулахыг завджээ
Б.БАЯСАЛМАА
Хөвсгөл аймаг дахь Ханх боомтоор “АСД-3Ф”, “АСД-2Ф” нэртэй бэлдмэл хууль бусаар оруулж ирэхээр завдсан хэрэг гарчээ. Үүнийг гаальчид илрүүлэн саатуулсан байна. ОХУ-ын “Агроветзащита”, “Армавирская биофабрика” үйлдвэрт үйлдвэрлэсэн энэ эмийг Малын эмийн сорилт баталгаажуулалтын улсын лабораторид шинжлэн, ҮХААЯ-ны Малын эмийн салбар зөвлөлийн хурлаар хэлэлцээд Монгол Улсын малын эмийн бүртгэлд бүртгэсэн аж. Тиймээс үүнийг мал эмнэлэгт л хэрэглэдэг. Гэтэл монголчууд “Бүх төрлийн өвчинд сайн” гэсэн ам дамжсан цуурхалд итгэн, энэ эмийг өргөн хэрэглэдэг болжээ. Үүнийг далимдуулан, уг эмийг Оросоос авчран 25.000-30.000 төгрөгөөр зардаг хүмүүс ч бий болсныг “Өнөөдөр” сонин энэ оны зургадугаар сарын 24-ний дугаартаа мэдээлэн, уншигчдадаа сэрэмжлүүлсэн.
Аливаа эмийг шинээр бүтээхдээ эм зүй, хор судлал, эм судлалын буюу эмийн кинетик, динамикийн чиглэлээр судлан, аюулгүй, эмчилгээний өндөр идэвхтэй нь тогтоогдсон нөхцөлд шинжлэх ухааны үндэслэлтэй, батлагдсан аргачлалаар эмнэл зүйн буюу практик туршилт явуулдаг. Туршилтын үр дүн эерэг гарвал зохих журмын дагуу тухайн эмийг хэрэглээнд гаргадаг. АСД-3Ф, АСД-2Ф эмийг энэ дагуу судалж, шинжлээд хүнд бус, малд зориулж үйлдвэрлэсэн юм байна. Энэ нь хүн ууж болохгүй гэсэн үг гэдгийг дахин сануулъя. Уг эмийг уусан зарим хүний биеэр харшил туурах, уруул хавдах зэрэг сөрөг нөлөө гарч байгааг анхаарна уу.