Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг өнгөрсөн бямба гаригийн өглөө өөрийнхөө эзэмшлийн амралтын газарт зам тээврийн осолд орж, хүнд гэмтжээ. Уг ослыг Налайх дүүргийн Цагдаагийн хэлтэс шалгаж байгаа гэнэ. Эх сурвалжийн мэдээлснээр Н.Алтанхуяг гишүүн “Хаан жимс” амралтын газартаа амралтын өдөр бүр очдог аж. Тэрбээр өнгөрсөн бямба гаригт очоод дөрвөн дугуйтай мотоцикль хөлөглөж байгаад осолд орсон юм байна.Түүний биеийн байдлыг ГССҮТ-ийн эмч нараас лавлахад “Манайд эмчилгээ хийлгэхээр ирээгүйг бодоход амь наснаас нь холуур гэмтэл байлгүй. Мэргэжлийн эмч дуудаж гэрээрээ эмчилгээ хийлгэж байгаа байх” гэсэн юм. Харин Н.Алтанхуягийн туслах нь зарим хэвлэлд “Эгэм нь хоёр газар хугарсан байна гэж эмч нар хэлсэн. БНСУ-д очиж эмчлүүлэхээр болж байна” гэжээ.