БНСУ-ын Сөүл хотын Эрүүл мэнд, орчны судалгааны хүрээлэнгийн төлөөлөгчид өнөөдөр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны хүнс, худалдаа үйлчилгээний салбарынхантай уулзлаа. Энэ үеэр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаныхан нийслэлийн хэмжээнд хүнс, худалдаа үйлчилгээний чиглэлээр хийж хэрэгжүүлж буй ажлаа танилцуулав. Улаанбаатарт худалдааны 3724, нийтийн хоолны 3092, ахуйн үйлчилгээний 2134 цэг, салбар ажиллаж байна. Ахуйн үйлчилгээний чиглэлээр 2134 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 562 хүнд нэг цэг ногдож байгаа юм.
Сөүл хотын төлөөлөгчид дараа нь Мэргэжлийн хяналтын төв лаборатори, “Хүчит шонхор” зах, “Мах маркет” ХХК-ийн ажилтай газар дээр нь танилцлаа.
Мэргэжлийн хяналтын төв лабораторийн ажилтнууд хотын хэмжээнд хүнс, худалдаа үйлчилгээний салбарт хийж буй хяналт, шинжилгээнийхээ талаар, “Хүчит шонхор” захын удирдлагууд худалдаа, үйлчилгээ эрхлэгчдийн ажиллах нөхцөл боломжийг хэрхэн бүрдүүлж байгаа, эрүүл ахуйн хяналтыг хэрхэн хийж байгаагаа үзүүллээ. “Мах маркет” ХХК 7500 тонн мах хадгалах хүчин чадалтай хөргөлттэй агуулах, 1000 бог мал төхөөрөх чадалтай боловсруулах цех, нэг ээлжиндээ 2-3 тонн бууз, банш, бөөрөнхий мах зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай хагас боловсруулсан бүтээгдэхүүний цех, ISO 22000 стандартыг үйл ажиллагаандаа хэрхэн нэвтрүүлж байгаагаа үзүүлсэн юм. Төлөөлөгчид “Бидний хамтын ажиллагааны чиг хандлагаа тодорхойлох уулзалт амжилттай боллоо. Цаашид нийслэлийн удирдлагуудад хүрээлэн буй орчин, хүнс, эрүүл мэндийн салбарт хэрхэн хамтран ажиллах талаар саналаа боловсруулж танилцуулна“ гэсэн юм.