Байгаль орчин ногоон хөгжлийн сайд С.Оюун Монголын байгаль орчны иргэний зөвлөл (МБОИЗ)-ийн Удирдах зөвлөлийн гишүүдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар саяхан болсон МБОИЗ-ийн 4-р чуулганаар сонгогдсон Удирдах зөвлөлийн гишүүдийг танилцуулж, 2016 он хүртэл байгуулсан гэрээнд тусгагдсан ажлуудын талаар санал солилцов.
Удирдах зөвлөл 11 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдаж, даргаар нь өмнө нь ажиллаж байсан С.Дамдинсүрэн улиран сонгогджээ. Удирдах зөвлөлийн гишүүдийн олонхи нь хууль болон байгаль орчны чиглэлийн мэргэжлийнхэн тул олон талын дүгнэлт хийж ажиллах чадавхитай гэж үзэж байгаагаа тус зөвлөлийн дарга С.Дамдинсүрэн Сайдад танилцуулсан юм.
Мөн 4-р чуулганаар Ой ургамал, амьтны хороо, Газар, газрын хэвлий, усны хороо, Сургалт судалгааны хороо, Аудит өмгөөлөл, нөлөөллийн хороо, Чадавхижуулах, мэдээлэл сурталчилгааны хороо ажиллах бол зургаа дахь хорооны үүргийг 25 хүний бүрэлдэхүүнтэй “Ногоон парламент” гүйцэтгэх аж. “Ногоон парламент”-аар байгаль орчинтой холбоотой хууль эрхзүйн санал зэргийг хэлэлцэж санал оруулж байх юм. Харин БОНХЯ-тай байгуулсан гэрээнд тусгагдаагүй зарим ажлуудын саналаа дахин уулзаж тодотгохоор болжээ.