Дэлхийн цаг агаар, уур амьсгалын өөрчлөлт, байгалийн болон хүний хүчин зүйлээс шалтгаалан үүсэх гамшиг, онцгой байдлын тоо, давтамж жил ирэх тусам нэмэгдэж буй. Үүний улмаас олон сая хүн хохирч, амь насаа алдаж, улс үндэстнүүд эдийн засгийн хувьд хэдэн тэрбум долларын алдагдал хүлээж байна.
Дайн, иргэний бослого үймээн, гамшиг, онцгой байдлын аль ч үед хот, хөдөөгийн ямар ч нөхцөлд хүүхэд дотооддоо шилжин суурьшсан, дүрвэсэн аль нь ч бай хүчирхийлэл дарамтанд өртөх магадлал маш өндөр болдог байна.
Японы Хүүхдийг Ивээх Сан, Онцгой байдлын ерөнхий газар, Хүүхдийн төлөө үндэсний газар хамтран “Онцгой байдлын үе дэх хүүхэд хамгаалал, хүүхэд төвтэй бэлэн байдлыг бэхжүүлэх нь” төслийг хэрэгжүүлж байна.
Төсөл нь энэ оны арваннэгдүгээр сараас ирэх оны арванхоёрдугаар сарыг дуустал Солонгосын Хүүхдийг Ивээх Сангийн санхүүжилтээр хэрэгжих юм.
Уг төслийг Улаанбаатар хотын Баянзүрх, Чингэлтэй дүүрэг, Өвөрхангай аймагт хэрэгжүүлэх юм. Ингэхдээ гамшгийн эрсдэл, эмзэг байдлыг бууруулах, гамшиг, онцгой байдлын өмнөх болон дараах үед хүүхэд хамгааллын чадавхийг үндэсний болон орон нутгийн түвшинд сайжруулах тал дээр анхааран ажиллах аж. Энэхүү төсөлд хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол олгох байгууллага, ерөнхий боловсролын сургуулиуд хамрагдаж, хүүхдүүд гамшгаас урьдчилан сэргийлэх, өөрсдийн сургуулийн орчинд эрсдэлийн үнэлгээг хийж сурах, үе тэнгийн сургагч багшаар бэлтгэгдэх юм.
Төсөлд хамрагдах байгууллагуудад Гамшгаас хамгаалах бэлэн байдлын төлөвлөгөөг боловсруулан тодотгох, ажилтан, албан хаагчдад аврах ажиллагааны дадлага олгох сургуулилтыг зохион байгуулах, гамшгаас хамгаалах хууль тогтоомжинд хүүхэд хамгаалал, хүүхдийн эрхийн асуудлыг тусгах тал дээр анхааран ажиллах юм. Мөн гамшиг, аюул ослын тухай олон нийтийн ойлголтыг сайжруулахын тулд гамшгийн эрсдэлийг бууруулах талаар мэдээлэл, сурталчилгаа бэлдэн олон нийтэд хүргэх зорилготой юм байна.