Орхон аймгийн төвийн орон сууц, гэр хорооллын дунд үйл ажиллагаа явуулдаг найман нэрийн дэлгүүрүүдийн архи, согтууруулах ундаа худалдан борлуулах тусгай зөвшөөрлийг 2015 оны нэгдүгээр сарын 1-нээс сунгахгүй байхаар шийдвэрлэжээ. Улмаар тусгай зөвшөөрлийг ирэх оны зургадугаар сарын 1-нээс бүрмөсөн цуцлахаар төлөвлөж байна. Одоогоор ийм тусгай зөвшөөрөлтэй үйлчилгээний газар Баян-Өндөрт 398 бий.
Дэлгүүрийн эзэд үүнийг Өрсөлдөөний тухай хууль зөрчиж, зах зээлд монополь бий болгон, үнэ хөөрөгдөх нь хэмээн эсэргүүцэж буй гэнэ. Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг УИХ шинэчлэн батлах гэж байгаатай холбогдуулан, Орхон аймаг энэ оноос архи, согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрлийг цөөлөх бодлого баримталж байгаа юм. Тиймээс орон сууцны нэгдүгээр давхарт ийм ундаагаар үйлчилдэг аж ахуйн нэгжүүдийн тусгай зөвшөөрлийг сунгахгүй байгаа аж. Ингэснээр нэгдүгээр давхарт архи, шар айраг зардаг дэлгүүр, баар 2014 оны эцэс гэхэд нэг ч үлдэхгүй гэнэ. Мөн долоо хоног бүрийн мягмар гариг, сар бүрийн 15- нд гашуун усаар үйлчилсэн аж ахуйн нэгжийн зөвшөөрлийг цуцалдаг болжээ.