Монголын эмэгтэйчүүдийн сан (МОНЭС) 2003 оноос жил бүрийн арваннэгдүгээр сарыг “Өглөгийн сар” болгож, хандив цуглуулан өрх толгойлсон, олон хүүхэдтэй, хөгжлийн бэрхшээлтэй, 35-аас дээш насны, хүчирхийлэлд өртсөн гээд хэн нэгний ивээл, халамжийг бараг хүртдэггүй эмэгтэйч үүдэд зориулж иржээ. “Өглөгийн сар” аянаараа дамжуулан сүүлийн гурван жил хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ээжүүдийн чадавхийг бэхжүүлж, орлогыг нэмэгд үүлэхийн төлөө хөрөнгө бүрдүүлж дэмжлэг үзүүлсэн байна. Ингэхдээ эмэгтэйчүүдэд зөвхөн санхүүгийн дэмжлэг үзүүлээд зогсохгүй бэрхшээлтэй асуудлаа хамтран шийдвэрлэх, өөрийгөө илэрхийлэх чадвартай болгож, орлогын эх үүсвэрээ нэмэгдүүлэх арга замаа олоход нь тусалдаг аж. Энэ жил МОНЭС Чингэлтэй дүүргийн XV, XVI хорооны Хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ээжүүдэд үйлчлэх төв болон аутизмтай хүүхэдтэй эцэг эхчүүдийг чадваржуулах зорилготой төрийн бус байгууллагынханд хандив өглөө.
Арваннэгдүгээр сарын 1-30-нд хөрөнгө босгох буухиа эхлүүлэн УИХын гишүүдийн гэргий, төрийн өндөр алба хашиж буй, бизнесийн салбарын манлайлагч эмэгтэйчүүд нийлсэн 371 хандивлагч иргэн, аж ахуйн нэгж оролцуулж, нийт 12.5 сая төгрөг цуглуулжээ. Энэ жилийн аяны онцлог нь оролцсон хүмүүс сайн дурын үндсэн дээр хувь хүн, байгууллагаас өөрсд өө хандивын сан бүрдүүлсэн нь аж. МОНЭС цуглуулсан мөнгөний хэмжээнээс хамаараад алт, мөнгө, хүрэл хандивлагч тодруулжээ. Энэ жил алтан 22, мөнгөн 32, хүрэл 27 лидертэй болжээ.
700 ГАРУЙ БАЙГУУЛЛАГА, 100.000 ГАРУЙ ХҮН ХАНДИВ ӨГЧЭЭ
МОНЭС-гийн тэргүүн Ш.Цэвэлмаатай сангийнх нь үйл ажиллагааны талаар цөөн хором ярилцлаа.
-Манай улсад төрийн бус байгууллага олон бий. Үүн дотор эмэгтэйч үүдийн байгууллага ч цөөнгүй. Танай сангийн тэдгээрээс ялгарах онцлог юу вэ. Үйл ажиллагааныхаа талаар товчхон танилцуулбал?
-Манайх үйл ажиллагаа нь тогтмолжсон байгууллага гэдгээрээ бусдаас ялгаатай. МОНЭС-г 2000 онд байгуулсан. Энэ цагаас хойш тогтмол үйл ажиллагаа явуулж буй үндэсний цорын ганц санхүүжүүлэгч сан. Өнгөрсөн 14 жилийн турш бид төсөл хөтөлбөр санхүүжүүлэх болон тусламж хэрэгтэй эмэгтэйчүүдэд хандив өгч ажиллаж ирсэн. Жендерт суурилсан ялгаварлан гадуурхалт ба хүчирхийллийн эсрэг тэмцэх, шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгд үүлэх, эмэгтэйчүүдийн хөдөлг өөнийг бэхжүүлэх, давхар бэрхшээлтэй эмэгтэйчүүдийг чадавхжуулах, хөгж үүлэх гэсэн дөрвөн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Эмэгтэйчүүдийн асуудлыг хамгийн сайн мэдэх, ойлгох хүмүүс нь бүсгүйчүүд учир эмэгтэй лидерүүдийг гаргах, чадваржуулах нь чухал байна. Тиймээс шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхийг үйл ажиллагааныхаа гол чиглэлд багтаасан. Давхар бэрхшээлтэй гэж өрх толгойлсон, олон хүүхэдтэй, ажилгүй, хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийг хэлж буй. Тэдний орлогыг нэмэгдүүлэхээс гадна нийгмийн амьдралд татан оролцуулах, чадваржуулах зэрэг ажил зохион байгуулж байна.
-Сан байгуулснаас хойших 14 жилд хэр олон хүнтэй хамтран ажилласан бэ. Хэчнээн хүн хандив өгсөн юм бол?
-700 гаруй байгууллага, 100.000 гаруй хүн бидний үйл ажиллагааг дэмжиж сайхан сэтгэлийн хандив өргөн, хамтарч ажиллалаа. Үүний дүнд 280 гаруй төсөлд 800 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулжээ. Манайх гадаадын эмэгтэйчүүдийн сангуудтай хамтран ажилладаг. Олон улсын эмэгтэйчүүдийн сан, АНУ-ын Эмэгтэйчүүдийн сангийн сүлжээний гишүүн орон болсон гээд гадаад харилцаа сайтай. Дотоодоос төдийгүй гадаадаас хандив авдаг. Өнгөрсөн онд 205 сая төгрөгийн хандив босгосны 26 саяыг нь дотоодын, үлдсэн хувийг нь гадаадын хандивлагчдаас цуглуулсан.
ОХИДЫГ ХҮЧИРХИЙЛЛЭЭС ХАМГААЛАХАД ЧИГЛЭСЭН 88 ӨДРИЙН КАМПАНИТ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
МОНЭС-гийн гүйцэтгэх захирал Б.Эрдэнэчимэгээс тус байгууллагаас явуулах үйл ажиллагааных нь талаар тодрууллаа.
-“Өглөгийн сар” аяны хүрээнд хоёр байгууллагад туслалцаа үзүүллээ. Дараагийн ээлжинд ямар ажил төлөвлөөд байна вэ?
-Манай сан жил бүрийн арваннэгдүгээр сард хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эмэгтэйчүүдэд зориулан, хандив цуглуулдаг бол арванхоёрдугаар сарын 10-наас гуравдугаар сарын 8 хүртэл 88 өдөр бага насны охид, эмэгтэйчүүдийг бэлгийн хүчирхийллээс хамгаалахад чиглэсэн кампанит ажил зохион байгуулдаг. Арванхоёрдугаар сарын 10-нд тохиодог хүний эрхийн өдрөөр уг үйл ажиллагаагаа эхлүүлж, эмэгтэйч үүдийн эрхийг хамгаалах өдөр хүртэл үргэлжлүүлдэг. Энэ үеэр бэлгийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд зориулан хөрөнгө босгож, хэрэгтэй хүнд нь хандивладаг. Бид “Өглөгийн сар” аянаа бие даан зохион байгуулдаг бол удахгүй эхлэх 88 өдрийн кампанит ажлаа бусад байгууллагатай хамтран өрнүүлдэг онцлогтой. Сүүлийн гурван жилд энэ чиглэлээр ажилладаг 10 байгууллага нэгдэн хөрөнгө бүрдүүлж, түүнээгээ хэнд өгөхөө хамтран шийдсэн. Манай сангийн хандивын хайрцаг ХААН банкинд бий. Өнгөрсөн жил энэ хайрцаг 5.7 сая төгрөгтэй болж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн ээжүүдийг чадавхжуулах ажилд зарцуулсан. Эдгээр ажилд дотоод, гадаадын хандивлагч, байгууллагууд идэвхтэй оролцдог. Харин төр, засгийн дэмжлэг л дутмаг байдаг даа.
-Эмэгтэйчүүдэд тулгамдаад буй ямар асуудлууд байна вэ. Тэр нь танай байгууллагын цаашдын ажилтай хэрхэн холбогдох бол?
-Үндсэн дөрвөн чиглэлийнхээ дагуу ажиллана. Парламент, шийдвэр гаргах түвшинд ажиллаж буй эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь манай тулгамдсан асуудал. Орон нутгийн тухайд ч шийдвэр гаргах түвшинд ажиллаж буй эмэгтэйчүүдийг чадваржуулах, тухайн орон нутгийнхаа тулгамдсан асуудлыг шийдэхэд оролцоог нь нэмэгдүүлж, хүчирхэг болгоход нь анхаардаг. Үүнээс гадна эмэгтэйчүүдэд тулгарч буй бас нэг асуудал нь гэр бүлийн хүчирхийлэл. Гурван эмэгтэй тутмын нэг нь хүчирхийлэлд өртдөг гэсэн судалгаа бий тул энэ асуудалд ч анхаарч ажиллана.
Ч.МӨНХ