Лондоны металлын биржид өчигдөр зэсийн үнэ 1.1 хувиар дээшиллээ. Гурван өдөр дараалан суларсан шаргал металлын ханш өсөхөд “Оюутолгой”- н Баяжуулах үйлдвэрт гарсан гал нөлөөлсөн тухай шинжээчдийн гаргалгааг “Bloomberg” дамжууллаа. Аж үйлдвэрлэлийн металлын хэрэглээгээр дэлхийд хоёрдугаарт эрэмбэлэгддэг АНУд ажил эрхлэлтийн түвшин нэмэгдсэн нь үүнд мөн нөл өөлжээ. “Оюутолгой”- н Баяжуулах үйлдвэрт өнгөрсөн лхагва гаригт гарсан гал уурхайн үйлдвэрлэлийн төл өвл өг өөнд хэрхэн нөлөөл өх талаар “Оюутолгой” компанийнхнаас тодруулахад “Комиссын дүгнэлтийн дараа тодорхой болно” гэв.
Харин “Turquoise Hill Resources” компанийн хэвлэлийн төлөөлөгч Тони Шаффер энэ талаар тайлбар хийхээс татгалзаж байна. “Rio Tinto” группээс өмнө нь өгсөн мэдээллээс үзвэл Баяжуулах үйлдвэр нь өдөрт 100 мянган тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай. Нөөцийнхөө хэмжээгээр дэлхийд “толгой цохидог” уурхайгаас энэ онд 135-150 мянган тонн зэс, 550- 600 мянган унци алт үйлдвэрлэх төлөвтэй гэдгээ “Оюутолгой” компани III улирлын үйл ажиллагааны тайландаа өнгөрсөн сард тодотгож байлаа. “Оюутолгой”-д гарсан гал зэсийн ханш дээшлэх нөхцөл бүрдүүлж байна” хэмээн “Hyundai Futures” корпорацын таваарын шинжээч Вилл Юн ярьжээ. Лондоны металлын биржид нэг тонн зэсийн гурван сарын хугацаатай хэлцлийн үнэлгээ өчигдөр 70.75 ам.доллараар дээшилж, 6450.75 ам.долларт хүрэв.