Улсын Их Хурлын Тамгын газарт хийж хэрэгжүүлсэн Мэдээлэл, үйлчилгээ, удирдлагын төвийн нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр боллоо. Улсын Их Хурлын дарга З.Энхболд тус төвийн нээлтийн үеэр "Аливаа байгууллагын үйл ажиллагааны бизнес модель, процесст нарийвчилсан анализ хийж, оновчтой болгож чадвал ажилбар бүрийн явц, хугацаа зэргийг хэмжиж болдог, удирдахад төвөггүй болдог арга бий. Улсын Их Хурлын Тамгын газрын бүх үйл ажиллагаанд цогц анализ хийж, дахин инженерчлэл нэвтрүүлэн, шинэ дизайнаар туршилт хийж байна. Энэ ажлыг гадны мэргэжилтнүүдийн тусламжтайгаар Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтнууд өөрсдөө хийж гүйцэтгэсэн” гэсэн юм. Ийнхүү дахин инженерчлэл хийгдснээр нийт 416 процесс бүртгэгдээд байгаа аж. Гэхдээ төрийн байгууллагад дахин инженерчлэл анхны тохиолдол нь энэ биш, өмнө нь Улсын Прокурорын Ерөнхий газар, Харилцаа холбооны зохицуулах хороонд хийгдэж дууссан. Үүний дараа Монгол Улсын Ерөнхий прокурор Д.Дорлигжав прокурорын байгууллагад амжилттай нэвтрүүлсэн дахин инженерчлэлийн туршлагынхаа талаар танилцуулсан юм.