УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Хууль зүйн байнгын хорооны танилцуулгыг сонсон дэмжлээ. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр гадаад улсад боловсрол эзэмшүүлэх, сургалтад хамруулахад зуучлах аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхэд Боловсрол, шинжлэх ухааны яамнаас тусгай зөвшөөрөл олгож байхаар зохицуулжээ. Гэтэл Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тусгай зөвшөөрлийн төрөл бүрээр заасан байдаг ч “гадаад улсад боловсрол эзэмшүүлэх, сургалтад хамруулахад зуучлах тусгай зөвшөөрөл” олгох хураамжийн хэмжээг тогтоосон зохицуулалт уг хуульд байдаггүй аж. Иймээс хуулийн хэрэгжилтийг хангаж, төрийн үйлчилгээг түргэн шуурхай үзүүлэх нөхцөлийг бүрдүүлэх үүднээс Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ. Улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг боловсролын салбарт олгогддог бусад тусгай зөвшөөрлийн хураамжийн хэмжээний дунджийг үндэслэл болгон 200 000-400 000 төгрөг байхаар тооцож хуулийн төсөлд тусгасан байна.