УИХ-ын гишүүн Д.Оюунхорол нарын нэр бүхий 17 гишүүн санаачлан боловсруулж энэ оны 5 дугаар сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэв. Одоо мөрдөгдөж байгаа хууль тогтоомжоор малчид нийгмийн даатгалд сайн дураар даатгуулах боломжтой ч орлогын түвшин доогуур, мал аж ахуйн үйлдвэрлэл улирлын чанартайгаас шалтгаалан сар бүр шимтгэл төлөх боломжгүйгээс даатгалд хамрагдах нь бага байдаг. Иймд малчдын нийгмийн даатгалд хамрагдах хүрээг нэмэгдүүлэх зорилгоор шимтгэл төлөх хугацааг тэдний эрхэлж буй үйлдвэрлэлийн онцлогтой уялдуулан уян хатан зохицуулах, нийгмийн даатгалд хамрагдах, хөдөлмөрийн нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгох эрхээ хэрэгжүүлэхэд нь иргэдэд тулгарч буй саад бэрхшээлийг хууль эрх зүйн хувьд шийдвэрлэх зорилгоор энэхүү төслийг санаачлан боловсруулжээ. Хуулийн төсөл ньнийгмийн даатгалд сайн дураар даатгуулагч иргэний шимтгэл төлөх хугацаа,газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд ажилласан даатгуулагчийг тодорхойлохтой холбогдсон харилцааг хамаарах юм байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “Сүүлийн жилүүдэд малчдын тоо 20 хувиар буурч, насжилт нь хот, суурин газрынхнаас 5-7 насаар богиноссон баримт байна. Иймээс энэ хуулийн төслийг цаг алдалгүй хэлэлцэж батлах нь чухал. Энэ бол нийгмийн захиалга гэж төсөл санаачлагчийн нэгийн хувьд үзэж байгаа” гэлээ.