Улсын Их Хурлын 2014 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар “Олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын асуудлаар ил тод байдлыг хангах тухай” Монгол Улс, АНУ хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн батлав. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хариуцлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Банкны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Хуулийн төслийн хүрээнд нэгэнт шүүхээс гарсан эцсийн шийдвэрийг богино хугацаанд гүйцэтгэх боломжийг бий болгох зорилгоор ажиллагааны эсрэг гомдол гаргах тухай эрх зүйн зохицуулалтыг өөрчилж буйтай холбогдуулан ажиллагааны төрөлд “эд хөрөнгийн үнэлгээ тогтоолгох” ажиллагааг нэмж оруулах, төлбөр төлөгч хаягийн өөрчлөлтөө мэдүүлэх үүрэгтэй байх, түүнчлэн төлбөр төлөгч этгээд эд хөрөнгийн мэдүүлгээ өгөхөөс зайлсхийсэн тохиолдолд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар дансны мэдээлэл авах боломжийн талаар хуульчлан зохицуулахаар тусгажээ.
Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан Байнгын хорооноос зарчмын зөрүүтэй нэг санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэн тул хуулийн төслүүдийг батлах санал хураалт явуулав. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 76.7 хувийн саналаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталж, хуулийг ердийн журмаар мөрдөхөөр болов.