Ховд аймагт саяхан франц эмч нар очин, түлэгдсэний улмаас янз бүрийн гэмтэл, сорвитой болсон 60 хүнд үзлэг хийн, зургааг нь мэс засалд оруулжээ. Дэлхийн эмч нарын нийгэмлэг болон гадаадын зарим орны эрүүл мэндийн байгууллагатай тус аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төв хамтран ажилладаг юм байна. Франц эмч нар энэ шугамаар ирсэн аж. Үүний өмнө америк эмч нар Ховдын 532 иргэнийг үзэж, 145 хүнд хагалгаа хийсэн бол Австралийн дурангийн эмч нар эмэгтэйчүүдэд үзлэг хийсэн гэнэ.