Өнгөрсөн лхагва гаригт Оюутолгойн Баяжуулах үйлдвэрийн нунтаглалтын хэсгийн бөөрөнцөгт тээрмийн нэг усан ангилагчийг хамарсан гал гарсан талаар бид мэдээлсэн. Иймээс ажилчдын аюулгүй ажиллагааг ханган, мэргэжлийн байгууллагуудаар шалгалт хийлгэх үүднээс үйлдвэрийн үйл ажиллагааг түр зогсоосон билээ. Үзлэг, шалгалтыг өнгөрсөн 4-нд дуусгасан бөгөөд гарсан хохирлыг тогтоох ажил хийж буйг “Оюутолгой” компани баасан гаригт мэдээлэв.
Усан ангилагчийн резинэн доторлогоотой шугам хоолой болон булинга дамжуулах сувагт гал гарчээ. Галаас болж томоохон хохирол учраагүй гэсэн урьдчилсан дүгнэлт гарсан бөгөөд бөөрөнцөгт тээрэм, өндөр хүчдэлийн цахилгаан хангамжийн системд нөлөөлөөгүй аж.
Үзлэг шалгалт хийж дууссанаар галд өртсөн ангилагчийг тусгаарлаж бусад тоног төхөөрөмж, системийн тусламжтайгаар Баяжуулах үйлдвэрийг ажиллуулах боломжтой гэнэ. “Оюутолгой” компанийнхан өнгөрсөн баасан гаригаас үйлдвэрийг ажиллуулж эхлэхээр зэхсэнээ мэдэгдсэн бөгөөд үүний дагуу үйл ажиллагаа явагдаж буйг эх сурвалж хэллээ. Тус үйлдвэр нь дөрвөн бөөрөнцөгт тээрэм, мөн тооны усан ангилагчтай юм байна.
Ц.Болор