Манайд үргүйдлийн тусламж үйлчилгээ үзүүлдэг хувийн хоёрхон эмнэлэг бий. Тэд үр хүүхэдгүй хосуудад үрийн зулай үнэрл үүлдэг ч төлбөрөөс нь болоод тусламж авч чадахгүй хоцордог гэр бүл цөөнгүй. Тиймээс улсын эмнэлэг ийм үйлчилгээ үзүүлэх шаардлага тулгараад буй. “Өнөөдөр” сонин өмнө нь ЭХЭМҮТ үр шилжүүлэн суулгах лабораторитой болох гэж буй тухай мэдээлсэн. Тэгвэл тус төвийнхөн шаардлагатай тоног төхөөрөмжүүдээ суурилуулан, үйл ажиллагаагаа жигдрүүлжээ.
Үр шилжүүлэн суулгах лабораторидоо улсын төсвийн хөрөнгөөр 11 нэр төрлийн 310.8 сая төгрөгийн тоног төхөөрөмж авч, таван эмчээ гадаадад мэргэшүүлсэн байна. Тэд өнгөрсөн аравдугаар сард 1100 орчим хүнд шинжилгээ хийн, хосуудын үрийн шингэнийг угааж, умайд цацах (IUI) 50 ажилбар хийсний үр дүнд гурван эх жирэмсэлжээ. Төлбөр мөнгөний хувьд хараахан тогтоогүй ч даатгалын системтэй уялдуулж, хямд үнэтэй байлгахаар төлөвлөж буй аж.
О.УНДРАХ