Манай орны өвөл хүйтэн байдгаас барилгын компаниуд ажлаа зогсоодог. Сүүлийн жилүүдэд энэ хүндрэлээс гарч, дөрвөн улирлын турш бүтээн байгуулалт өрнүүлэхэд төр, засгаас нэлээд анхаарч буй. Тэгвэл “Монгол элс” компани хүйтэн нөхцөлд барилга барих технологи нутагшуулан, сүүлийн үед дэлхий нийтэд өргөн хэрэглэж буй канад технологийн барилгын хөнгөн ган карказны үйлдвэр байгуулжээ. Өнгөрсөн оны аравдугаар сараас хойш судалгаа хийж, тоног төхөөрөмжөө суурилуулаад энэ оны тавдугаар сард үйлдвэрлэлээ эхэлжээ. Үүнд нийт хоёр тэрбум төгрөг зарцуулсан байна. Тус компани дэлхийн 100 гаруй улсад үйл ажиллагаа явуулж буй “Фрайм кад” компанийн тоног төхөөрөмжийг үйлдвэртээ суурилуулсан гэнэ. Хөнгөн ган карказны үйлдвэрлэл АНУ-аас гаралтай ч Шинэ Зеланд улс өндөр түвшинд хөгжүүлсэн аж. Эко буюу байгальд ээлтэй гэх үнэлгээгээр нь сүүлийн үед дэлхийн олон орон модон биш, хөнгөн ган бүтээц сонгох болжээ.
Канад технологиор манай улсад барьж буй барилгуудын ихэнх нь модон карказтай. Байшингийн даац, бат бөх байдал, эдэлгээг карказ “үүрдэг” учир урт настай, эрсдэлгүй болгохын тулд залуу модоор хийх шаардлагатай аж. Тиймээс хөнгөн ган карказ нь байгальд ээлтэй технологи гэгджээ. Модноос ялгарах нэг давуу тал нь галд тэсвэртэй. Мод 30 минутаас нэг цагийн дотор шатаж дуусдаг бол хөнгөн ган нь галыг таван цаг тэсвэрлэх чадвартай байдаг аж. Барилгын карказ үйлдвэрлэх болон угсрах хугацаа богино нь уг технологийн бас нэг давуу тал. “Монгол элс”-ийн манайд оруулж ирсэн тоног төхөөрөмж нь 1-3 давхар барилгын төмөр карказ үйлдвэрлэх боломжтой. Дагалдах программ хангамжаар архитектур дизайн, барилгын материалын сонголт, тооцоо, өртгийг иж бүрнээр нь гаргадаг онцлогтой юм байна.
Өдөрт 200 ам метр талбайтай барилгын карказ үйлдвэрлэж, түүнийгээ 10 хоногт угсрах боломжтой. Одоогоос 27 жилийн өмнө хөнгөн гангаар карказ хийх технологи нэвтрүүлж байжээ. Тухайн үед барьсан байшин нь өнөөг хүртэл чанараа хадгалж буй нь уг технологийн баталгаа гэнэ. Хөнгөн ган 100 жилийн хугацаанд зэврэхгүй, хэв нь гажихгүй учир хамгийн урт настай барилга барих боломжтой гэж тус үйлдвэрийнхэн онцолж байна. Барилгынхаа суурийг дулаан цагт цутгачихвал өвөл угсрах боломжтой тул “Монгол элс”-ийнхэн өдгөө Тахилтын аманд амины орон сууцны хотхон барьж буй аж. Энэ өвөлдөө багтаан барьж дуусгахаар төлөвлөжээ. “Манай зураг төслийн инженерүүд фрайм кад программ дээр газар хөдлөл, цас, салхины болон бусад ачааллыг бүрэн тооцоолж, энэ бүхнийг тэсвэрлэхүйц чанартай барилгын зураг төсөл боловсруулдаг. Үйлдвэрийн тоног төхөөрөмж нь бүрэн автомат. Бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй түүхий эд болох төмөр нь хамгийн нимгэн буюу 0.75-2.5 мм, өндөр чанартай, баталгаатай. Бид захиалагчийн хүсэлтийн дагуу зураг төслийг гаргаад карказыг нь үйлдвэрлэж болно. Захиалагч бэлдэцээ аваад өөрөө угсарч ч болно. Мөн бүх ажлаа гүйцэтгүүлж, түлхүүр хүлээлгэж өгөх нөхцөлтэйгөөр ажиллуулах ч боломжтой” гэж тус компанийн механик инженер М.Мөнх-Эрдэнэ тайлбарлав.
Хуучин барилгаа буулган шинийг барих хүсэлтэй хүн цөөнгүй. Ийм тохиолдолд буулгах байшин нь бетон бол хог хаягдал маш их үлддэг. Тэгвэл канад технологийн барилгыг амархан буулган, шинэчилж болдгоороо онцлог. Мөн материалыг нь дахин ашиглаж болдог тул хог хаягдал гардаггүй гэнэ. Байшин бариулах өртгийн хувьд нэг ам метр нь 650.000 төгрөгөөс дээш үнэтэй аж. Захиалагчийн материалын сонголт, чанар, үйлдвэрлэсэн улсаас шалтгаалж нэг ам метрийн дээд үнэ 1.2 сая төгрөг юм байна. Тансаг биш энгийн барилга, байгууламж бол нэг ам метр талбайг 450.000-650.000 төгрөгөөр үнэлдэг аж. “Фрайм кад” компаниас оруулж ирсэн тоног төхөөрөмж нь бүрэн автомат учир хоёр хүн ажиллуулахад л хангалттай байдаг гэнэ. Уг үйлдвэрт өдгөө найман хүн ажиллаж буй бөгөөд хөнгөн ган бэлдэцээ өөрсдөө үйлдвэрлэж, барилгын бригадынхнаар угсруулдаг аж. Байшингийн том, жижгээс шалтгаалаад 4-8 хүн карказыг угсардаг юм билээ.
Тахилтын аманд нийт 86 ам метр талбайтай хоёр давхар барилгын карказыг хэдхэн хоногийн өмнө зургаан хүн нэг өдрийн дотор угсарчээ. “Монгол элс” компани эдийн засгийн үр өгөөж, манай орны нөхцөлд тохируулан эхний ээлжинд гурав хүртэл давхар байшин барих тоног төхөөрөмж оруулж ирсэн аж. Зах зээлээ судалсны үндсэн дээр 7-10 давхар барилгын карказ үйлдвэрлэх тоног төхөөрөмж авахаар төлөвлөж буй. Үүний тулд уг машиныг манайд оруулж ирээд байшин барьж болно гэсэн зөвшөөрөлтэй байх шаардлагатай юм байна. Энэ талаар төр засгаас дэмжлэг хүсэж байгаа гэнэ. Тус компанийн гүйцэтгэх захирал Я.Азжаргалбаяр “Гадаадаас ямар нэгэн дэмжлэг аваагүй, дотоодын компанийн хөрөнгө оруулалтаар энэ үйлдвэрийг байгуулсан. Төр засгаас ч зээл тусламж аваагүй. Манай хөрөнгө оруулагчид Монголдоо орчин үеийн шийдэлтэй сайн үйлдвэр байгуулъя гэж нэлээд хөрөнгө зарсан. Үйлдвэрээ ашиглалтад оруулснаас хойш Хөшөөтийн уурхайд 2000 ам метр талбайтай 200 хүний багтаамжтай ажилчдын байр бариад дуусаж байна. Мөн хэд хэдэн газарт амины орон сууц барьж байгаа. Томоохноос нь дурдвал, Тахилтын аманд 60 айлын амины орон сууцны хотхон барьж байна.
Мөн уул уурхайн компаниудтай хамтран ажилчдын байр, орон сууц барьж байгаа. Манайх улсдаа анх удаа бүрэн автомат машинаар үйлдвэрлэх технологи оруулж ирсэн юм. Бидний оруулж ирсэн технологиор улирал харгалзахгүй бүтээгдэхүүн үйлдвэрлэж, барилга барих боломжтой. Материалаа БНСУ-ын “Ilwoo” компаниас авдаг. Энэ технологи АНУ, Австрали, Европын өндөр хөгжилтэй орнуудын стандартыг аль хэдийнэ хангасан ч манайд бол шинэ зүйл. Тиймээс заавал стандарт батлуулах шаардлагатай тул бичиг, баримтаа хөөцөлдөж байгаа. Шинэ технологи оруулж ирэхэд тулгардаг бэрхшээл нь зөвшөөрөл авах. Манай төр засагт ажиллагсад үйлдвэрлэгчдэдээ огт дэмжлэг үзүүлдэггүй мөртлөө маш олон хориг тавьдаг. Бид холбогдох газруудад нь материалаа хүргүүлсэн. Шийдвэрлэх нь удаан байна. Манайх зөвхөн карказ үйлдвэрлэдэг. Барилгаа түлхүүр хүлээлгэн өгөх нөхцөлтэйгээр барих болбол хавтангуудаа импортолдог. Цаашид Монголдоо үйлдвэрлэсэн хавтан ашиглах тооцоо судалгаа хийж байгаа. Энэ чиглэлийн үйлдвэрүүдтэй хамтран ажиллахад бэлэн” гэсэн юм.
Ч.МӨНХЗУЛ