Залуу судлаачдыг дэмжих зорилгоор манай Шинжлэх ухааны академи, Дэлхийн хөгжиж буй орнуудын Шинжлэх ухааны академи (TWAS) хамтран “Залуу авьяастныг хөхүүлэн дэмжих сан” байгуулж 1995 оноос физик, хими, математик, биологийн чиглэлээр судалгаа шинжилгээ хийдэг эрдэмтдээс шилдгийг шалгаруулах болжээ. Академич Х.Намсрайн санаачилсан эл ажлын үр дүнд өнгөрсөн хугацаанд 44 судлаач дэлхийн гуравдагч орнуудын ШУА-ийн залуу эрдэмтний шагнал хүртсэн байна. Энэ жил МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн дэд профессор Б.Мөнхбат, Шинжлэх ухаан технологийн "Оюун онош" төвийн захирал, Монголын Анагаах ухааны холбооны ерөнхийлөгч Г.Цэрэнчунт нарыг шилдгээр тодруулсан аж. Докторын зэрэгтэй, 40 хүртэлх насны судлаачдын шинжлэх ухааны салбарт оруулсан хувь нэмэр, судалгааны үр дүнг харгалзан зохион байгуулагч академиуд хамтран шилдгээ шалгаруулдаг гэнэ.
Доктор Б.Мөнхбат хагас дамжуулагч шинэ материал үйлдвэрлэх зориулалттай цөмийн судалгааны реакторын дизайны судалгаа хийж, гадаад, дотоодын сэтгүүлд өгүүллүүдээ хэвлүүлэн, олон улсын эрдэм шинжилгээний хурлуудад итгэл тавьж байжээ. Тэрбээр Цөмийн судалгааны төвд хандиваар авсан компьютерүүдийг угсран өндөр хүчин чадал бүхий кластер сервер угсран, реакторын хийцийн холбогдолтой тооцоог шавь нарынхаа хамт амжилттай гүйцэтгэж байгаа юм билээ. Эрдэмтэн Г.Цэрэнчунт Европын холбооны орнуудад 10 гаруй жил ажиллахдаа хавдар үүсэх шалтгаан, эмчилгээний асуудлуудыг цогцоор шийдвэрлэх зорилгоор иммуногистохими, молекул биологийн орчин үеийн судалгаа шинжилгээний шинэ аргад тулгуурлан өмнө нь хэн ч хийж байгаагүй судалгаа явуулсан нь үр дүнгээ өгсөн гэнэ.
Сонирхуулахад, тус шагналыг химийн салбараас Т.Ган-Эрдэнэ, Н.Цэвэгсүрэн, С.Нарантуяа, Ж.Тэмүүжин, Ч.Отгонбаяр, Б.Очирхуяг, Б.Авид, Д.Гүнбилэг, М.Баяржаргал, А.Минжигмаа, Ц.Болортамир, физикийнхээс Ц.Ганцог, Н.Нямцэрэн, Г.Батдэмбэрэл, П.Энхбаяр, Б.Даваадорж, Ч.Лодойравсал, Ч.Содбилэг, Б.Батжаргал, биологийнхоос Я.Адьяа, Н.Баатарбилэг, Ж.Норовсүрэн, Ч. Гантигмаа, И.Түвшинтогтох, Н.Эрдэнэчимэг, Ж.Энх-Амгалан, М.Ургамал, математикийн салбараас С.Төмөрбат, Б.Баясгалан, Р.Энхбат, А.Галтбаяр, Д.Цэдэнбаяр, Л.Алтангэрэл, Г.Анхбаяр, М.Мэнд-Амар, Б.Баярмагнай нар тус тус хүртжээ.